БНСУ-ын цагдаа нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн үндэслэлээр хоёр дахь удаагаа байцааж байгаа тухай "The Korea Times" мэдээллээ. Индонезийн Бали арлаас өглөө 08.29 цагт онгоцны буудалд буусан Д.Одбаярыг Инчеоны цагдаагийн газарт байцаалт авахаар аваачсан байна.
"Байцаалтын ажиллагаа өглөө 10.35 цагт эхэлсэн. Гомдол гаргасан бүх нэхэмжлэлийг бид шалгаж байна" хэмээн цагдаагийн ажилтан сэтгүүлчид ярьжээ. Гэсэн ч тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Тэгвэл Инчеоны орон нутгийн шүүхээс Монгол улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр болон түүнтэй хамт явсан Монгол улсын иргэн 42 настай А нарыг баривчлан байцаалт авах шийдвэр гаргалаа
Хэрэг явдал болсон өдөр мэдүүлэг өгөлгүй Сингапур ниссэн А-г БНСУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан албадан ирүүлэх арга хэмжээг авахаар болжээ.
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нь аравдугаар сарын 31-ний өдөр "Korean Air" -ийн онгоцоор Улаанбаатараас Инчеон чиглэлд нисэхдээ үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт бурууттагдаж байгаа юм.
БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам Д.Одбаяр болон дагалдан яваа албан тушаалтнууд Дипломат харилцааны тухай Венийн конвенцид заасны дагуу дипломат халдашгүй эрхтэй хэмээн суллуулсан байдаг. Нисэх онгоцны буудлын ажилтнууд дипломат дархан эрх авах шалгуурын талаар Гадаад хэргийн яам болон Цагдаагийн үндэсний газартай зөвлөлдөж чадаагүй тул суллаж явуулснаа хэлжээ.
Азийн Үндсэн хуулийн шүүхүүдийн хуралд оролцохоор Бали руу нисэхээс өмнө Д.Одбаяр ахлах шүүгчид нэг цаг хагасын хугацаанд байцаалт өгчээ. Д.Одбаяр олон улсын бага хурлын дараа байцаалтад буцаж ирнэ гэж амласан ч түүнийг өөр улсаар дамжин Монгол руу буцах эсвэл нислэгийн хуваариа өөрчлөх гэж оролдсон гэсэн таамаглал гарч байсан юм. Энэ тохиолдолд цагдаа нар хэргийг прокурорт шилжүүлэхээр төлөвлөж байжээ.
Цагдаагийн ажилтны хэлснээр Д.Одбаяр тухайн үед нислэгийн бүхээгт ажиллаж байсан монгол үйлчлэгчийг мөн сүрдүүлсэн гэлээ.
Инчеоны Цагдаагийн газар 11-р сарын 2-ноос энэ хэрэг дээр мөрдөн байцаалт эхлүүлж , онгоцны хоёр үйлчлэгчээс мэдүүлэг авсан байна. Улмаар Д.Одбаяр түүнтэй хамт зорчиж явсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ.