Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ДӨРВӨН ЖИЛИЙН ЯЛ оноолоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нар “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдож яллагдагчаар татагдаад байсан билээ. Тэдэнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлсэн аж.

Хуулийн заалт:

82 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах

82.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахад оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

Уг хэргийн шүүх хурал энэ сарын 22-нд товлогдсон ч  А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, н.Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул  А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсэн, шүүхээс өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Харин А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж тэдэнд сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноов.

Шүүх хянан хэлэлцээд, шинэ Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.