Жил бүрийн 10 сард ЖДҮ эрхлэгчдийг хүлээн авч уулзана

УИХ-ын дарга Г.Занданшатарын  санаачилгаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.22/ боллоо.Хэлэлцүүлэгт 150 орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцжээ.

Монгол Улсын Их хурлаас Жижиг, дунд үйллвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг эзэндээ очдог болгосон гээд энэ хуулийн үр өгөөж их бий. Мөн Татварын багц хууль батлагдсан.  Салбар хамаарахгүйгээр 1 хувийн татвар төлдөг болсон нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэн хөнгөлөлттэй нөхцөл үзүүлж байгаа нэг хэлбэр юм. Цаашид жил болгоны Төсвийн тухай хууль хэлэлцэж эхлэхээс өмнө буюу 10-р сард жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй УИХ-аас уулзах ажлыг уламжлал болгон зохион байгуулж байхыг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тодотгосон юм.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэндээ хүрч эхэлсэнд баяртай байгаагаа хэлэлцүүлэгт  оролцсон үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байлаа. Харин хүний нөөц, боловсон хүчний асуудал тулгамдаж байгаа. Тэрбээр жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллах сонирхолтой залуус цөөн, ихэнх нь төрийн алба, эсвэл гадаад улсад  гарч ажиллах сонирхолтой, 700-1.0 сая төгрөгийн цалинтай ажлын байран дээр залуучууд ирж ажиллахгүй байгаа  тухай хэлсэн юм. Төрөөс МСҮТ-үүд, түүнд суралцагчдыг дэмжиж тэтгэмж өгч байгаа ч өөрчлөлт гарахгүй байна. Иймээс МСҮТ-д суралцаж байгаа суралцагчидтай төгсөөд ажиллах нөхцлийн тухай гэрээ хийх, зөвхөн төрийн алба биш ажилчин эгнээгээ мөн дэмжих хэрэгтэй байгаа тухай ихэнх хүмүүс санал хэлж байсан юм.