Япон улсад хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр /2019.10.21/ Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Абэ Шинзо Япон Улсын зарим бүсийг дайрсан “Хагабис” хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд "Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэв. Тухайлбал, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг талууд богино хугацаанд байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж буйг тэмдэглэв. Абэ Шинзо мөн мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.

Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн цагаас хойш Япон Улсын Засгийн газар, ард түмэн нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт тууштай дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн, Засгийн газар гүнээ талархдаг тухайгаа хэлсэн юм. Түүнчлэн Монгол Улс, Япон Улсын идэвхтэй энх тайванч гадаад бодлого, мөн Абе Шинзогийн дэвшүүлсэн “Энэтхэг-Номхон далайн үзэл санаа”-г дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв. Хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоер улсын найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Талууд хоёр улсын найрсаг харилцааны үндэс суурь болсон ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхээ илэрхийлж, хоёр улсын харилцааг бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрүүлж ажиллахаа нотлов.