Хөдөлмөрийн үндэсний намаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбоотой гурван шаардлагыг УИХ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Тодруулбал сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, эргээд чөлөөлж, шаардлагатай бол парламентаа тараадаг зохицуулалтыг нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх шаардлагатай гэж үзээд байгаа юм байна.
ХҮНамын дарга Б.Найдалаа: “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ ард нийтийн санал асуулга явуулахгүй, хоёрдугаар хэлэлцүүлгийг задлан зарим зүйл дээр нэмэлт тодруулга хийгээд гуравдугаар хэлэлцүүлгээр батлах гэж байна. Шинэ нөхцөл байдал үүссэн тул дараах саналыг гаргаж байна. Сонгуулийн холимог тогтолцоог хассан. Монгол Улсад байгаа хулгай, муу муухай зүйл бүхэн сонгуулийн жижиг мажоритар тогтолцоотой холбоотой. Түүнийгээ хадгалж үлдэхийн тулд МАН Үндсэн хуульд үлдээсэн. Монгол Улсад холимог тогтолцоо буюу пропорциональ болон мажоритар тогтолцооны холимог системийг нэвтрүүлэхээр Үндсэн хуульд заахыг санал гарган шаардаж байна. Ерөнхий сайд сайд нараа томилдог, нэг гишүүнээс хамаардаггүй, эргээд чөлөөлж, шаардлагатай бол парламентаа тараадаг зохицуулалтыг Үндсэн хуульд оруулахыг шаардаж байна. Эс бөгөөд Монгол Улсад Засаглалын тогтвортой байдал хангагдахгүй. Парламентын тогтолцоотой бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх хэрэгтэй. Бүх Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлэг тэмдэг биш төрийг самрагч, эв нэгдлийг хагалган бутаргагч болсон. Тогтвортой засаглалтай, нэгдсэн бодлоготой байхын тулд эдгээр өөрчлөлтийг хийх ёстой” гэсэн юм.
Мөн тэрбээр парламентын ардчиллыг бэхжүүлэхтэй холбоотой цаашид ажиглалт хийж, шаардлага гарвал тэмцэх болно гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн ХҮНамын зүгээс сонгуультай холбоотой популизм хэтэрч байгааг ч онцолж байв.
ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд: “МАХН-аас үнэгүй байр олгоно, цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэнэ гээд сонгуулийн өмнөх популизмийг хийгээд эхэллээ. 2008 оноос эхлээд хоёр нам уралдаж мөнгө амласан. Энэ цаашид ч үргэлжлэхээр байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ч үүнийгээ оруулж байна. Ард түмэнд таалагдсан санал, санаачилгыг УИХ, Ерөнхийлөгч нь санаачилж, дэмжээд байна. Гэтэл бодит байдал дээр бид сүүлийн таван жилд 12 тэрбум ам.долларын эдийн засагтай. Эдийн засгийг өсгөх, иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэх зүйл нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалт. Гэтэл уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг хаах заалтыг тусгачихлаа. Үүний уршгаар авлигал гаарч, амьжиргаа буурна” гэсэн юм. Тэрбээр ХҮНамын дарга МАХН-аас бүртгэл явуулж буй үнэгүй байр олгох ямар ч боломжгүй бөгөөд ийм популимз хийж Монголыг хорлож болохгүй гэдгийг хэлж байсан юм.