УИХ өчигдөр БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Элчин сайдын яам нээх шийдвэр гаргасан. Мөн өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабид Элчин сайдын яам нээх тухай тогтоолын төслийг дэмжиж, баталлаа.
Манай улс АНЭУ-д Элчин сайдын яам байгуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэнэ гэж үзжээ.
Тухайлбал, Эмират улс нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортоор авдгаас гадна махны эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс мах экспортлох чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой юм.
АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар ажилладаг байна. Тус улс нь манай улсад Элчин сайдын яамаа 2016 онд нээн ажиллуулж байгаа юм. Манай улс Абу Даби дахь Элчин сайдын яамаа гурван орон тоотой байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Эмиратын талаас зарим зардлыг хариуцахаа мэдэгджээ.