Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татан шалгаж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан "Улаансайр-1” талбайн тусгай зөвшөөрлийг цуцалж, “Улаан сайр-2 ” талбайд шинээр зөвшөөрөл олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.

Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайд томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Засгийн газрын 256-р тогтоол гэгчийг гаргажээ. Энэ нь түүнийг огцруулснаас ердөө зургаа хоногийн дараа буюу 2017 оны есдүгээр сарын 13-нд гаргасан тогтоол юм. 

Тогтоолын нэг дэх хэсгийн төгсгөлд "Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай" гэжээ.

Ийнхүү Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа яаран сандран гаргасан тогтоолоор шинээр гаргасан уг тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын ордыг "Элбэг Орд"  компанид эзэмшүүлсэн нь өдгөө бүрэн тогтоогдоод байгаа юм. Дараа нь "Элбэг Орд" ХХК-иас тусгай зөвшөөрлөө өөрийн хувь эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлж аваад гурван сарын дараа Х.Бат-Эрдэнийн компанид шилжүүлсэн нь нэгэнт илэрхий болсон байна.

Тэрээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодитоор бус хэт доогуур үнэлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлт нээн шалгаж байсан бөгөөд хэргийг шалгаж, яллагдагчаар татах тооцох тогтоол батлан АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Тост, Тосон бумбын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.