Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө тарахыг дахин уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд оролцож үг хэллээ. 

Тэрбээр “Эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа Миний бие энэ удаад УИХ-ын чуулганд үг хэлэх болсон шалтгаан нь урьд нь тавьж байсан саналаа дахин тавих гэж байна. Миний бие өмнө нь буюу 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учир өөрөө тарах санал гаргаж байсан билээ. Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан М.Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэхийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байсныг та бүхэн санаж байгаа байх. Түүнээс хойш хагас жил өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, чадвар дээшилсэнгүй, улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна.

Тиймээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон УИХ-ыг хугацаанаасаа өмнө өөрөө тарахыг уриалж байна. 

 Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шудрагын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй. Улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд Та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун.

Энэ бол Та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно" гэлээ