МАН-аас Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргагасан байна. 

Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатараас тодрууллаа.  Тэрээр "Намын хяналтын хороо хуралдаж, сүүлийн үед үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн. Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх шийдвэр гаргасан нь үнэн" гэв. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг оруулж ирсэн нь маргаан дагуулж ийнхүү хариуцлага тооцуулах үндэслэл болжээ. 

Харин Д.Дамба-Очир гишүүн Эдийн засгийн байнгын хорооны даргын ажлаа өгөхийн өмнө Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн хураангуйг Рио Тинто компанид хүргүүлсэн гэх асуудалд холбогдсон нь үндэслэл болсон аж.