Эрүүл мэндийн салбарт 25 мянга гаруй боловсон хүчнийг бэлтгэсэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль өнөөдөр ахисан түвшний сургалт явуулах Эрдмийн сургуулийн нээлтээ хийлээ.
Хөгжингүй улс орнууд орчин цагийн шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх замаар үндэснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хөгжлийн бодлогоо чиглүүлж, уг асуудлыг шийдвэрлэх гол гарц болох судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байна.
Дэлхий нийтийн энэхүү чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар 2018 оны 282 дугаар тогтоолоор “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг баталж, 2019-2023 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Эрдмийн сургуулийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцохдоо “Хэд хэдэн их сургуулийг сонгож, судалгааны их сургууль болгон хөгжүүлэх зорилт тавьсны нэг нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль юм” гэлээ.
Эрдмийн сургуулийн хамт олонд эрүүл мэндийн салбарын бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн судалгаа, сургалтын тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, судлаачдыг тасралтгүй бэлтгэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулан ажиллахыг захилаа.
Ахисан түвшний сургалтаараа дамжуулан шинэ санал санаачилга, инновацийг бий болгох чиглэлээр үр дүнтэй үйл ажиллагаа явуулж, судалгааны ёс зүй, хэм хэмжээг чанд мөрдөн, эх орондоо магистр, докторын төгсөлтийн сургалтыг амжилттай хэрэгжүүлэгч, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн шинжлэх ухааны тэргүүлэгч сургууль болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтсээс мэдээллээ.