Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайдыг хүлээн авч уулзав

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В. Моргулов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Энэ онд Халхын голын байлдааны ялалтын 80 жил, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ой тохиож байгааг онцлон тэмдэглэв. Дайны хүнд хэцүү үе, энх цагийн бүтээн байгуулалтад мөр зэрэгцэн явсан хоёр улс цаашид ч бүс нутаг, олон улс, дэлхийн тавцанд хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

Монгол Улсын Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов илэрхийлэв. Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Тухайлбал Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын харилцаа, Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээх, Худалдааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах, Алс Дорнодын далайн боомтуудаар туршилтын тээвэр хийх, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн суурь бүтцийг шинэчлэх, мал эрүүлжүүлэх, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах зэргийн талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.