Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм төрийн түшээд ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Та бүхэнд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Чин зоригт, эх оронч өвөг дээдсийн баатарлаг тэмцлийн үр дүнд 1911 оны Цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн монголын ард түмний чинхүү хүсэл тэмүүлэл биеллээ олж, улмаар тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх Ардын хувьсгалын үндэс суурийг тавьсан түүхтэй билээ.

Энэхүү түүхэн үйл хэрэг бол ноёд язгууртан, лам хувраг, эгэл ард бүх нийтээрээ эх оронч үзлээр эвлэлдэн нэгдсэн үндэсний эв нэгдлийн хүч байсан юм.

Тусгаар тогтнолын төлөөх мохошгүй тэмцэл 13 жилийн туршид зогсолтгүй үргэлжилсний үр дүнд 1921 оны 7 дугаар сарын 11-нд Ардын хувьсгал ялж, хожим 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Монгол Улсын 14 дүгээр оны модон хулгана жилийн өвлийн дунд сард монгол түмний хувь заяаг эргүүлсэн XX зууны нэгэн сод үйл явдал болсон нь Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, Үндсэн Хуулийг батлан, Бүгд Найрамдах засгийг дэлхий дахинд тунхаглан зарласан явдал билээ.

Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуулийг боловсруулан батлах бодлогыг хэрэгжүүлж байсан бөгөөд 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн даалгавраар Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлж байсан түүхтэй.

Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн 1914-1915 онд дэлхийн улс орнууд, түүн дотроо өрнөдийн улс орнуудын хууль эрх зүй, төрийн байгууламж, засгийн хэлбэр, улс тус бүрийн онцлогийг үндсэн хуулиар хэрхэн зохицуулж буй харилцааг судалж “Улсын эрх” хэмээх бүтээлийг туурвисан байдаг.

Тэрбээр Герман, Австри-Венгер, Англи, Итали, Бельги, Голланд, Дани, Швейцар, Испани, Португал, Орос, Япон зэрэг улс орны Үндсэн хууль, Үндсэн хуулийн эрх зүйг судалж байсан нь анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах үндэс суурь, чухал алхам болсон төдийгүй эдүгээ ч үнэ цэнээ алдаагүй байна.

Хожим 1921 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Ардын түр Засгийн газрыг байгуулсан тогтоол, Засгийн газрын 1921 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудад Үндсэн хууль боловсруулах тухай тус тус заасан байдаг.

Мөн 1922 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын XXI хурлаас Хууль цаазыг зохиох тухай шийдвэрийг гаргаж, урьдын Автономит Засгийн үед зохион төлөвлөж байсан хууль зүйлийн бичгүүдээс авах гээхийг ялган салгаж, Европын олон улсын хууль дүрмийг харгалзан шинэчлэн зохиох комиссыг Шүүх яамны Тэргүүн сайд Магсаржаваар ахлуулан байгуулсан бөгөөд тус комиссыг 8 сар орчим ажиллуулаад үзэл баримтлалын зөрүү гарсан хэмээн үзэж татан буулгасан байна. Энэ хугацаанд уг комисс  дэлхийн улсуудын Үндсэн хуулиуд болох Америк, Англи, Бельги, Голланд, Япон, Зөвлөлт Орос Улсын Үндсэн хуулиудыг орчуулан бэлтгэх зэрэг олон ажлыг хийсэн байжээ.

Түүний дараагаар 1924 оны 9 дүгээр сард Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комиссыг байгуулан ажиллуулсан байна.

Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах үйл явцад тухай үеийн Зөвлөлт Орос Улс, Коминтерны нөлөө, түүний төлөөлөгч Элбэгдорж Ринчино,  Турар Рыскулов зэрэг хүний шахалт, дарамт орсон нь үнэн хэдий ч анхдугаар Үндсэн хууль бүхэлдээ манай ард түмэн, засаг төрийн бодлогын тусгал болон батлагдсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг билээ.

Эдгээр түүхэн баримтуудаас дүгнэн үзвэл анхдугаар Үндсэн хуулийг Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн төсөлд тулгуурлан, Ерөнхий сайд Д.Бодоо, Жамсрангийн Цэвээн нарын санал, төслийг харгалзан үзэж, тухайн үеийн хувьсгалын удирдагчдын манлайлал дор боловсруулсан болох нь тод харагдаж байдаг.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Хүний нийгмийн хөгжил гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд үргэлжилдэг. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ.

Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төр, хувь хүний үзэмжээр хандах, засварлах, гоёчлох, туйлшрах, эсхүл ердөө л бусдад таалагдах үүднээс хандах зэрэг нь нэн осолтойг бид бодууштай.

Буруу замаар орж будилах, алдахын эхлэл чухамхүү эндээс үүддэг гэдгийг өнөө цагийн төрийн түшээд, төрийн албан хаагчид ямагт санаж явах учиртай.

Түүхэн үйл явдлыг тухайн цаг үеийнх нь нөхцөл байдал, онцлог, шалтгаан хийгээд үр дагавар, зайлшгүй ба санамсаргүйн хэлхээ холбоонд авч үзэх нь хамгийн зөв зарчим, арга зүй мөн билээ.

Чухам энэ зарчмаар анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг бид дүгнэн цэгнэх ёстой.

XX зууны эхэн үеийн дэлхий дахины улс төр, геополитикийн нөхцөл байдал, ялангуяа манай хоёр хөршийн зүгээс Монгол Улсын тусгаар байдалд хандах хандлага ихээхэн ээдрээ төвөгтэй байлаа.

Монголын эрх баригчид Зөвлөлт, Хятадын удирдагчидтай уулзахдаа Монгол Улс тусгаар байдлаа ямагт хадгалах бөгөөд Дундад Иргэн Улсын нэг хэсэг болохыг хэзээ ч, хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ хоёрдмол утгагүйгээр, итгэл төгс эрс шийдэмгий илэрхийлж байсан нь түүхэн үнэн юм. Түүх түүхээрээ л үлддэг.

Ийм эгзэгтэй цаг үед Монгол төрийн удирдагч, зүтгэлтнүүд улс төр, дипломатын уран хурц нүүдэл хийж, тусгаар тогтнолоо баталгаажуулан, улс гэрээ мандуулах арга эвийг эрэлхийлж, энэхүү эрхэм зорилгоо алхам алхмаар бататгасаар байсныг түүх гэрчилдэг.

Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын зоригт хөвгүүд Ардын намыг анх байгуулж, улмаар эх оронч бүх хүчнийг тэмцэлд уриалан дуудаж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн нь өөрийн газар нутагтаа эзэн суух гэсэн монголчуудын чин хүслийн биелэл, мөнх тэнгэрийн таалал байлаа.

Гэвч энэ бол их зохиолч Д.Нацагдоржийн өгүүлсэнчлэн “зөвхөн нарыг хэвээр үлдээж, хуучны хэв ёсыг үндсээр нь эвдэх” их өөрчлөлтийн эхлэл байв.

Хуучныг халж, шинэ засаг төрийг эмхлэн байгуулна гэдэг амар бүтэх ажил биш байлаа.

Дэлхийн аль ч улсын түүхэнд ноёрхогч байсан анги сайн дураараа эрх мэдлээсээ татгалзаж байсан түүх байдаггүй. Харин цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайнаар шийдэгдсэн гашуун түүх, сургамж цөөнгүй бий.

Харин тухайн үеийн манай нам, төрийн зүтгэлтнүүд иргэний дайнд хүргэлгүйгээр “чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар бошгыг халах бат журмаар үйлдэнэ” хэмээн түмэн олонд тунхаглан зарлаж, аль болох тайван замаар засаг төрийн эрхийг шилжүүлэхийг хичээсэн нь туйлын ухаалаг бодлого байсан юм.

Нийслэл хүрээг чөлөөлсний дараа Богд хаантай тангаргийн гэрээ байгуулж, төрийн нүсэр албыг Ардын Засгийн газарт, түмэн олон, лам хувраг, шашны хэргийг хэмжээт эрхт хаанд үүрүүлэхээр тохиролцож чадсаны хүчинд 1921-1924 онд томоохон ардчилсан өөрчлөлтүүдийг харьцангуй тайван аргаар хэрэгжүүлсэн юм.

Мөн Ардын Засгийн газар 1923 оны нэгдүгээр сард “Нутгийн захиргааны дүрэм” хэмээх Үндсэн хуулийн шинжтэй баримт бичгийг баталж, нутгийн захиргааг 10 гэр, баг, сум, отог, хошуу, аймаг гэсэн бүтэцтэй болгож, тус бүрд хурал байгуулах, угсаа залгамжлах ёсыг устгаж, аливаа тушаалтныг сонгуулийн журмаар тавих болсон нь одоогийн хэллэгээр эрх зүйн шинэтгэлийн эхлэл болсон юм.

Дээр дурдсан олон чухал арга хэмжээг Ардын Засгийн газар 1921-1924 онд авч хэрэгжүүлж чадаагүй байсан бол Улсын анхдугаар Их Хурлыг зарлан хуралдуулж, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг тунхаглан зарлах нөхцөл бүрдэхгүй байсан хэмээн судлаачид дүгнэн үздэг юм.

Эрхэм төрийн түшээд ээ,

Ардын Засаг анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлах Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчдийг жинхэнэ ардчилсан зарчмаар сонгох, тэдгээрийн бүрэлдэхүүнд халх дөрвөн аймаг, их шавь болон дөрвөд, казах, буриад, алтайн ба Хөвсгөлийн урианхай, Ховдын тариачин хошуу зэрэг ястан угсаатны төлөөллийг заавал оролцуулахад онцгой анхаарч, багагүй хугацаа зарцуулжээ.

Шат шатны хурлын үр дүнгээр, өндөр босгыг давж сонгогдсон төлөөлөгчид Их Хурлын ажилд туйлын идэвхтэй оролцсон бөгөөд төрөө дээдлэх ёс, түмнээ төлөөлөх хариуцлагыг гүнээ ухамсарлан хорин өдөр амралтгүй хуралдан, их үйлсийг бүтээсэн түүхийг өнөөдөр ч эрхэм гишүүд Та бүхэн гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй.

Үндсэн хуулийн төслийг Ерөнхий сайд Цэрэндорж 1924 оны 11 дүгээр сарын 25-нд танилцуулж, 77 төлөөлөгч хоёр өдөр зүйл тус бүрээр хэлэлцэн Улсын анхдугаар Их Хурлаар буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны үдийн хойно 4 цаг 17 минутад 6 бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг баталж байсан түүхтэй.

Энэ бол төрт ёсны өнө эртний түүхтэй монголчууд бидний хувьд анх удаа бичмэл Үндсэн хуультай болсон гайхамшигт үйл явдал байлаа.

Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, өнөөгийн бидний амьдралд хэрхэн уялдаж буй талаар цөөн хэдэн зүйлээр тэмдэглэн хэлье.

Үүнд:

Нэгдүгээрт, Анхдугаар Үндсэн хуулиар улс орныхоо бүрэн эрхт байдлыг тунхаглан зарлаж, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг бататган бэхжүүлэх эхлэлийг тавьж чадсан юм.

Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс” хэмээж улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэхээр заан, “1921 оны хувьсгалаас өмнө монголын эрх баригчдын гадаадтай байгуулсан гэрээ бичгүүд, зээлсэн мөнгө, өр төлбөр бол гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул цөмийг устгасанд тооцно, мөн гадаад улсуудтай харилцах, улс төрийн ба худалдааны гэрээ бичиг тогтоох, концесс ба монополын эрх олгох, устгах, улсын хил хязгаарыг өөрчлөх, байлдах, найрамдах, цэргийн хүчнийг байрлуулах зэрэг явдлыг улсын дээд эрхийг барих газруудын эрхлэн шийтгэх зүйлс мөн” хэмээн тогтоохын зэрэгцээ, Анхдугаар Үндсэн хуулийн оршил хэсэгт “Богд хааны тамгыг Засгийн газар шилжүүлэн залж хадгалах, Хаант Засгийг халж, цаашид Бүгд Найрамдах Засгийг тогтоон Да жунтан гэдэг ерөнхий даргыг сонгохгүй улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал ба мөн Хурлаар сонгогдсон Засгийн газар хадгалах”-аар заасан байдаг.

Мөн улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухалчлан үзэж байсан бөгөөд Үндсэн хуульд улсын орлого, зарлагыг төсөвлөсөн дансанд нэгтгэж, улсын төсвийг үр ашигтай захиран зарцуулах хатуу чанд сахилгыг тогтоож өгсөн байна.

Түүнчлэн улс орноо батлан хамгаалах өөрийн гэсэн хүчнийг буй болгохыг зорьж Үндсэн хуулиар тогтоож байсан нь өнөөгийн Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” хэмээх заалтаар уламжлагдан хэрэгжиж ирснээс харж болно.

Хоёрдугаарт, Анхдугаар Үндсэн хуулийн бас нэгэн томоохон ололт нь анх удаа хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тогтоож өгсөн явдал юм.

Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээнэ” гэж тунхаглан, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулахдаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хангаж, түүн дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил, тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдохоор заасан нь Ази тивдээ анхдагч ардчилсан Үндсэн хууль болсон юм.

Тэгвэл ардчилсан гэгдэх барууны орнуудаас эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг 1944 онд Франц, 1948 онд Баруун Герман, 1971 онд Швейцар, 1974 онд Португал, 1975 онд Грек, 1976 онд Испани нээж өгсөн бол анхны бичмэл Үндсэн хуулийг баталсан АНУ хүйсээр үл ялгаварлан эмэгтэй, эрэгтэй хүн адил цалин хөлс авах тухай хуулийг 1963 онд баталж байсан түүхтэй.

Анхдугаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа өнөөгийн парламентад ч тусгалаа олж эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох боломжийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарсны үр дүнд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт болсныг энэхүү түүхэн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Гуравдугаарт, Үндсэн хууль нэгэнт улс төр, эрх зүйн баримт бичиг болохын хувьд анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын гадаад бодлого, түүний хэтийн чиглэлийг оновчтой тодорхойлж чадсан.

Тухайн үеийн нам, төрийн удирдагчид гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдал улам хүндэрч байсан аянгат цагийн амаргүй, эгзэгтэй үед улс төр, дипломат харилцаанд өчүүхэн боловч алдаа гаргахгүйг хичээж туйлын хянуур болгоомжтой хандан анхдугаар Үндсэн хуульдаа “Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь одоогийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр устгаж, нийгэм журамт ба эв хамт ёсыг эрмэлзэх тул бидний жинхэнэ ард улсаас гадаадтай харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба хувьсгалт ард түмний ашиг тус, үндсэн зорилготой нийцүүлж явуулбал зохино.

Мөн цагийн байдлыг хянаж, ямар ч гадаад улстай харилцан найрамдаж болох боловч бидний улсын бүрэн эрхэд халдах этгээд бий ахул бүхий л хүчээр эсэргүүцнэ” хэмээн энх тайванч гадаад бодлого явуулахаа дэлхийн улс түмэнд анх удаа зарлан тунхаглаж байсан түүхтэй юм.

Энэхүү бодлого нь эдүгээ ч ач холбогдлоо алдаагүйн дээр Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын эх үндэс болон одоо ч өргөжин бэхжиж байна.

Түүнчлэн тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхэд хэн нэгэн этгээд халдах аваас шууд эсэргүүцэн тэмцэнэ, ямар нэгэн буулт, яриа хэлцэл хийхгүй гэдэг жанжин шугамаа тууштай илэрхийлж чадсан байдаг.

Тухайн үеийн түгшүүрийн харанга дэлдсэн эгзэгтэй нөхцөл байдалд адгаж бачуурч, сандарч тэвдэлгүй, хийх алхмуудынхаа ээлж дарааллыг нарийн зөв тооцож, алсыг харсан байр сууриа тодорхойлж чадсан энэхүү гадаад бодлого нь цаг хугацааны олон сорилт, шалгуурыг амжилттай даван туулсан бөгөөд үүнийг Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн 1961 он хүртэлх түүхэн үйл явдлууд нотлон харуулдаг юм.

Хожим “баруунтан” хэмээн буруутсан тэр үеийн удирдагчид Зөвлөлт Орос Улстай харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Монголыг гадаад гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх боломжийг эрэлхийлж байсан түүхтэй.

Герман, Англи, Америк, Япон зэрэг орны элчин сайд, дипломат төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа тогтоох хүсэлтэйгээ илэрхийлж, Германд Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээж, Франц, Герман улсад Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын 40 орчим хүүхэд, залуусыг сургахаар илгээсэн зэрэг нь тэрхүү бодлогын тод илрэл юм.

Харамсалтай нь, анхдугаар Үндсэн хуулийнхаа заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байсан хүмүүс түүхийн ээдрээ, нугачаатай он жилүүдэд хэлмэгдсэнээр бусад улс оронтой харилцаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого нэг хэсэгтээ зогссон юм.

Дан ганц Зөвлөлт Орос Улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байх нь хангалтгүй, бусад улс оронтой ч хэлэлцээр хийх ёстой, үлгэрлэвээс Швейцар лугаа адил төвийг сахисан улс болохыг эрмэлзэх ёстой гэсэн Жамсрангийн Цэвээн, мөн Монгол Улстай харилцахаас татгалзаагүй л бол дэлхийн бүх оронтой ойртон нөхөрлөх гэсэн Догсомын Бодоо, Балингийн Цэрэндорж, Анандын Амар, Цэрэн-Очирын Дамбадорж, Наваандоржийн Жадамба зэрэг тухайн үеийн нам, төрийн зүтгэлтнүүдийн баримталж байсан байр суурь өнөөгийн Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогын үндэс суурийг тухайн үед томьёолж байсан гэж үзэж болох юм.

Дөрөвдүгээрт, Манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаар Ази тивийн Үндсэн хуультай анхны улсууд болох Япон, Иран, Афганистан зэрэг улстай хамт бичигдэж, Ази тивд Үндсэн хуульт ёсыг хөгжүүлж ирсэн тэргүүлэх улс орнуудын дотор зүй ёсоор багтдаг хэмээн Үндсэн хуулийн эрдэмтэн, судлаачид  дүгнэн үздэг.

Энэхүү анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахад Зөвлөлт Орос Улсаас туслалцаа, дэмжлэг авсан нь тухайн үеийн нөхцөл байдлаас үүдсэн бодит үнэн бөгөөд энэ нь нэг талаасаа манай орны эрх зүйн тогтолцоо эх газрын эрх зүйн бүлээс улбаатай болсны нэгэн нотолгоо юм.

Анхдугаар Үндсэн хуулиар Хаант засгийг халж, Бүгд Найрамдах засаглалыг тогтоосон нь манай улсын өнгөрсөн зууны хөгжил дэвшлийн үндэс суурь, өнөөгийн ардчилсан Монгол орны төрийн байгууламжийн үндсэн хэлбэр болон хөгжин бэхжиж байна.

Ийнхүү анхдугаар Үндсэн хууль нь үндсэн хуульт ёсны үзэл санааг түүчээлэн хөгжүүлэх зам мөрийг тавьж, нийгмийн өөрчлөлт, цаг үеийн онцлогийг тусгасан 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудыг батлан гаргах хөрс суурь болсон байна.

Монгол Улсын анхдугаар болон 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрийн байгууллын тогтолцоог хуульчлан бэхжүүлж ирснээрээ онцгой ач холбогдолтой, нийтлэг шинжтэй бөгөөд тухай цаг үеийн улс орны хөгжил дэвшилд өөр өөрийн түүхэн үүргээ зүй ёсоор биелүүлж ирсэн түүхтэй.

Монгол оронд 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэнд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд монголчууд бид үндэсний язгуур эрх ашиг, ардчилсан үзэл санааны төлөө эвлэлдэн нэгдэж, улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санааны шинэ тогтолцоонд шилжиж чадсан нь манай улсын түүхийн бас нэгэн онцгой үйл явдал байсан.

Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж, баталсан үйл явц нь монголчууд бидний үндэсний их зөвшилцөл, үзэл санааны дэвшил байсан юм.

Ардчилсан шинэ Үндсэн хууль нь Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурь болсон билээ.

Энэхүү Үндсэн хуулийн үр дүнд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, иргэний нийгэм, ардчилсан сонгууль, олон намын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёс зэрэг ардчилсан нийгмийн үндэс суурийг бэхжүүлж чадсан.

Монгол Улсын үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхэн хөгжил нь аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд суурилан төр, засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж, туршлага, бидний түүх, өв соёл, үнэт зүйл болсон юм.

Монголын ард түмний Үндсэн хуульт ёсны энэхүү баялаг түүх нь зөвхөн манай ард түмний түүх, өв соёл төдийгүй хүн төрөлхтний үндсэн хуульт ёсны түүхийн салшгүй нэг хэсэг юм.

Өнгөрсөн зууны түүхийг товчилж хэлбэл, бидний өвөг дээдэс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо зарлан, даян дэлхийд улс орноо хүлээн зөвшөөрүүлж, Хүннү гүрэн, Их Монгол Улсын гал голомтыг сэргээн бадрааж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан “Тусгаар тогтнол, хөгжил дэвшил”-ийн агуу зуун байлаа.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт, 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн хийгээд 1990-ээд оны ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт зэрэг сүүлийн хоёр жаранд тохиосон манай улсын нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны гайхамшигт өөрчлөлтүүд нь агуу түүхт Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, хамтын хүчээр сэргэн мандсан эх оронч үзэл санааны ялалт байсныг энэхүү түүхт ойн баярын өдөр тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт төрийн түшээд ээ,

Одоогоос 100 жилийн өмнө монголчууд бид эрх чөлөө, тусгаар тогтнолоо сонгож, улсынхаа бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан бол Монгол Улстай сайн харилцаа тогтоохыг хүссэн бүх оронтой найрамдан нөхөрлөх өвөг дээдсийн чинхүү хүслийг эдүгээ цагт биелүүлж, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан гэдгийг баярын энэ өдөр хэлэхэд таатай байна.

Үе үеийн чин зоригт, эх оронч өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил дэвшлийг өнөө цагт өртөөлөн, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Та бидний эрхэм үүрэг, түүхэн хариуцлага билээ.

Иймд цаашид бид шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон ардчилсан төр, засаг, парламент ёсоо бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө төр, засаг, улс төрийн нам, эвсэл, иргэний нийгэм, ард түмнээрээ хамтран хүчин зүтгэх учиртай.

Эрх зүйт төртэй улсад үндэсний эв нэгдлийн хүчээр Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуулиараа үндэсний эв нэгдлээ хангадаг жамтай.

Эв нэгдэл үгүй бол улс үндэстэн оршин тогтнож, хөгжин дэвжих боломжгүй юм.

“Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээх Их эзэн Чингис хааны билиг сургаалыг ямагт санаж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ бататган бэхжүүлэн, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж амьдрах нь бидний хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно гэдгийг монгол хүн бүр зүрх сэтгэлдээ тээж явах учиртай.

Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний улс үндэстэн, тусгаар тогтнолоороо бахархах үндэсний их бахархлын өдөр мөн.

Энэ бахархлын эзэн нь эрх чөлөөт Монголын ард түмэн билээ.

Учир иймээс манай ард түмэн эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүх, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хүчин зүтгэхийг төрийн тэргүүн ард түмэндээ уриалж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.