Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
“СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев нар гарын үсэг зурлаа.
Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тогтсоныг төрийн тэргүүнүүд тунхаглан зарлалаа. Монгол Улс нь Төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Казахстан Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, тээвэр, логистик, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.
Мөн:
1. ТЭТГЭВРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,
Хоёр улс өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоохдоо нөгөө талын нутаг дэвсгэрт ажилласан хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр тогтоох, тэтгэврийг харилцан шилжүүлэх асуудлыг зохицуулсан. Хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, одоогоор тус улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй 3 мянга гаруй Монгол Улсын иргэд хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах чухал ач холбогдолтой. Хэлэлцээр шинээр байгуулах чиглэлээр 2018 оноос хойш ажиллан, 17 удаа хэлэлцээ хийсний үр дүнд хэлэлцээрийг ийнхүү эцэслэн байгууллаа.
“МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХООРОНД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ ТУХАЙ 2025-2027 ОНУУДЫН ЗАМЫН ЗУРАГЛАЛ”-д
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Роман Скляр,
Худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон бусад салбарт 2025-2027 авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгаж, хамтарч ажиллахаар тохиролцлоо.
“НИСЭХИЙН ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т
Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,
Эрэн хайх, авран туслах байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын нутаг дэвсгэрт аюулд нэрвэгдсэн иргэдийг богино хугацаанд эрэн хайх, аврах, тусламж үзүүлэх зорилгоор яаралтай мэдээлэл солилцох, өөрийн харьяаллын бүсэд нөгөө талын агаарын болон газрын эрэн хайх, авран туслах байгууллагыг ажиллуулж, иргэдэд түргэн шуурхай тусламж үзүүлэх боломж бүрдлээ.
“МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн сайд Марат Карабаев,
Олон улсын хоёр талын болон дамжин өнгөрөх тээврээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах замаар хоёр улсын хоорондын авто замын харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх, хуурай боомтын үйл ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох, олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, Монгол-Казахстаны чиглэлийн тээвэрлэлтийг хөгжүүлнэ. Энэ нь тээвэрлэлтийн түргэн шуурхай, тогтвортой байдлыг хангах, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.
“МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2025-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мурат Нуртлеу,
Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд 2025-2027 онд хоёр улсын Гадаад харилцааны яам тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгалаа. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулах, харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар Гадаад харилцааны яамдын удирдлагын түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах зэргийг харилцан тохиролцлоо.
“СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СОЁЛ, МЭДЭЭЛЛИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, мэдээллийн сайд Аида Балаева,
Соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр хамтран зохион байгуулж, соёлын өвийг хамгаалан, соёлын солилцоог нэмэгдүүлнэ. Түүх, өв соёл, нүүдэлчин уламжлалт зан заншлын гүнзгий хэлхээ холбоотой улсуудын хувьд соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол, казахын түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, монгол, казах судлалыг хөгжүүлэх, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ.
“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев,
Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээ хамтран зохион байгуулах, улс орноо харилцан сурталчлан таниулах, улмаар нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ. Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
“ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ БОЛОН МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаров,
Арьс шир, ноосны боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, талуудын инженер, техникийн ажилтан, төрийн болон аж ахуйн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүдийг бэлтгэх болон арьс шир, ноос гүн боловсруулахад хөрөнгө оруулалт татах, технологи нутагшуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтарч ажиллана. Малын арьс шир, ноос боловсруулах хяналтын тогтолцоо, стандарт, лабораторийн байгууламжийг хөгжүүлэх, боловсронгуй болгоход харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Цаашид хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой юм.
Мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн мэдээллийн систем үүсгэх, хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлгийн гэрчилгээний тоог нэмэгдүүлж, энэ салбарт мэдээлэл солилцохоор тохиролцлоо. Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээгээр мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн шаардлагыг харилцан тохиролцох замаар мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаанд дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ.
“МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, САНСРЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т
Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Цэндийн Баатархүү, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрлэлийн сайд Жаслан Мадиев,
Үндэсний хэмжээнд тулгамдсан асуудлуудыг мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх чиглэлээр туршлага хуваалцана. Энэ салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, инновац, гарааны бизнес эрхлэлтийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтран ажиллах, хиймэл оюун ухаан дээр түшиглэсэн шийдлийг улсын байгууллагуудад нийлүүлдэг платформыг харилцан туршлага судлахаар тохиролцлоо. Мөн хоёр улс мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, улс орныхоо хөгжилд шинэ үеийн технологи, шинжлэх ухаан, өндөр технологийг түлхүү ашиглах чиглэлээр хамтран ажиллана.
“ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИСС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”-т
Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Гун-Аажавын Манлайжав, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев нар гарын үсэг зурлаа.
Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хүрээнд ураны олборлолт, тусгай зөвшөөрөл, цацрагийн аюулгүй ажиллагаа зэргээр туршлага солилцох, хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор хамтарсан онол, практикийн сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулах зэргээр хамтарч ажиллана.