Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 10 мянган га талбайг нөхөн сэргээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уул уурхайн олборлолтын  улмаас эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 8,000 га газрыг 2020-2024 онд нөхөн сэргээх үүргийг Ерөнхий сайд байхдаа өгч байсан. Тэр бээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Нарийны ам хэмээх газарт ажиллаж, тухайн үед өгч байсан үүрэг, даалгаврынхаа хэрэгжилтийн явцыг шалгалаа. 

2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас улсын хэмжээнд тооллого явуулахад 30 мянга гаруй га талбай эвдрэлд орсны 29 орчим мянган га нь уул уурхайн ашиглалтын улмаас  эвдэрсэн. Ялангуяа 8,000 га талбайг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай гэсэн дүгнэлт гарч байлаа.

Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 938 тусгай зөвшөөрлийг цуцлан, эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээхийг салбарын яам, ажилтнуудад үүрэг болгож байсан юм.

Тухайлбал Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8,000 га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилт тусгаж байлаа. 

БОАЖЯ-аас Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” хамтарсан тушаал батлуулж, “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэ хүрээнд 2020-2023 онд нийт 9,773 га талбайд техникийн, 2,549 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.

2020 оноос өмнө улсын хэмжээнд жилдээ 1,000 хүрэхгүй га талбайд нөхөн сэргээлт хийж байсан бол 2020 оноос эрс нэмэгдэж, жил бүр 2,000 га-аас дээш талбайг нөхөн сэргээж иржээ.

Өөрөөр хэлбэл 2018 онд түүхэндээ хамгийн их буюу 912 га талбайд, 2020 онд 1,973 га, 2021 онд 2,123 га, 2022 онд 2,189 га, 2023 онд 3,488 га талбайг нөхөн сэргээсэн байна.

“Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн ууланд нуусан, манаач айлын гадаа үлдээсэн, эзэнгүй орхисон нийт 57 экскаватор, ковш, бульдозер, алт угаах төхөөрөмж, ачааны автомашин, техник хэрэгслийг журамлаж, хяналтад хүлээлгэн өгч, эвдэрсэн газрын экологи, эдийн засгийн хохирлыг тооцуулжээ.

БОАЖЯ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлахдаа эвдэрч, эзэнгүй орхигдсон газруудад техникийн нөхөн сэргээлт хийх талаар тусгаж байсан нь үр дүнгээ өгчээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын болон биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 2021-2024 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгийн эвдрэлд орсон 2,000 гаруй га талбайг нөхөн сэргээхэд 42 орчим тэрбум төгрөг зарцуулаад байна.

2022-2023 онд 1,230 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 2024 онд 777 га талбайн 480 га-г нь нөхөн сэргээгээд байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 100 сая мод тарьж, ургуулахаа амласан “Оюу толгой” ХХК дүйцүүлэх хэлбэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га талбайг, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт 215 га талбайг нөхөн сэргээжээ. “Жинжий Майнинг” ХХК өнгөрсөн жил Ерөө сумын нутагт 800 га талбайг нөхөн сэргээжээ.

Цаашид:

Ойн сан, усан сан, биологийн олон янз байдал бүхий онцгой ач холбогдолтой газар, нутагт хууль бус уул уурхай, бичил уурхайн улмаас эвдрэлд орсон газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж, ойжуулах,

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Уул уурхайн нөхөн сэргээлтийн чанар, хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгана” зорилтын хүрээнд биологийн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарах,

1980-2010 он хүртэлх хугацаанд алт олборлож байсан, үлдэгдэл нөөцтэй гэх шалтгаанаар нөхөн сэргээлт хийлгэхгүй байгаа газруудын асуудлыг яаралтай шийдвэрлэж, нөхөн сэргээлт хийлгэх,

Ашигт малтмалыг хууль бусаар олборлоход ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэний өмчлөлд байгаагаас үл хамааран хураан авч улсын орлого болгох, стандарт, технологид нийцэхгүйг нь ашиглуулахгүй байхтай холбогдсон хууль, эрх зүйн зохицуулалт хийх,

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаарх одоогийн зохицуулалтыг дордуулахгүй байх,

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг үе шаттай хориглох,

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хариуцлагатай, санаачилгатай хэрэгжүүлж байгаа, байгальд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах тогтолцоо бий болгох шаардлагатай гэж салбарын яам үзэж байна.