Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр нарын Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан юм.
Энэ хүрээнд Ногоон хөгжлийн төслийн нэгжийг байгуулж, 100 сая модыг 13 аймгийн нутагт орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах “Эрдэнэт-100 сая” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Үүнд:
• Хангайн бүсэд 33 сая мод,
• Говийн бүсэд 30 сая мод,
• Суурьшлын бүсэд 27 сая мод,
• Хамгаалалтын зурваст 10 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийгээд байна.
“Эрдэнэт-100 сая” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тус үйлдвэрээс үр, хөрс, тарьц суулгацын үйлдвэрлэлийг цогцоор нь шийдвэрлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж байгааг Ногоон хөгжлийн төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба танилцууллаа.
Тухайлбал, бэлтгэл шатанд Ойн генетик нөөцийн төв, Хөрсний инновац, технологийн төв, Хангайн бүсийн Мод үржүүлгийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж, идэвхжүүлэх үе шатанд Говийн бүсийн мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалтыг эхлүүлж, үйлдвэрлэл, борлуулалт, тарилт, арчилгаанд анхааран ажиллахаар төлөвлөжээ.
Үүнээс 100 тн үрийг богино болон урт хугацаанд хадгалах, 20 мянган тарьц, суулгацыг агуулах хүчин чадал бүхий “Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв 2022 оны 06 дугаар сард ашиглалтад орсон.
Тус төв нь модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Мөн иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.
Мөн жилд 30 тн ашигт бактери үржүүлж, 200 тн микоризтой хөрс бэлтгэх, малын бууц, үртэс, навч гэх мэт органик үлдэгдлийг ашиглаж жилд 12 тн биобордоо, 2,000 литр шингэн бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий Хөрсний инновац, технологийн “Эрдэнэт” төвийг 2024 оны 06 дугаар сард нээхээр төлөвлөж байна.
Түүнчлэн жилд 12 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий автомат мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уул уурхайн компаниудад том боломж бий болгосон гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон онцоллоо.
Европын Холбооноос цаашид уул уурхайн импортын бүтээгдэхүүнд ногдуулах нүүрстөрөгчийн татварын механизмыг боловсруулж байгааг дурдав.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад уул уурхайн компаниуд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулснаар эдийн засгийн үр ашгаа өсгөж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа хэллээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш тус үйлдвэр нийт 3.4 сая модыг тарьж, 500 мянган модны тарьц үржүүлээд байна.
Ажлын хэсгийн гишүүд Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, суурьшлын бүсийн ойжуулалт буюу Хангалын гол дагуух ойжуулалт, баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн талбайд ажиллалаа.
Бүс нутгийн усны нөөцийг нөхөн сэргээх, төгөл байгуулах зорилтын хүрээнд Орхон аймгийн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Хангалын гол дагуу 3 сая мод тарих ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар 63.3 га талбайд 453 мянган ширхэг бургас, улиас, харгана, үхрийн нүд тарьжээ.
Түүнчлэн 2027 он хүртэл хэрэгжүүлэх “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийг баталж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд 2022-2023 онд нийт 3 сая модыг тарьсан байна.
Ингэснээр Хаягдлын аж ахуйгаас 15 км нутагт үргэлжилж буй цагаан тоосны дэгдэлтийг сааруулж, Эрдэнэт хот болон бүс нутгийн агаарын чанарыг сайжруулах ач холбогдолтой гэдгийг Ногоон хөгжлийн төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба хэлж байв.