Ардчилсан нам 15 дэд даргатай ажиллана

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хуралдаан өчигдөр товлосон хугацаанаасаа дөрвөн цаг гаруй хоцорч 76.5 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах, гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тэргүүн дэд болон дэд дарга нарыг томилох тухай, Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр төлөвлөж байв. Мөн Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлалаа.

Дэд дарга нарын тоон дээр 8,10 гэх мэтээр зөрүүтэй санал гарч байсан ч фракцуудын тэгш оролцоог хангах үүднээс АН-ын дарга Л.Гантөмөр 15 хүний нэр дэвшүүлсэн. Ийнхүү ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар Ардчилсан намын тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг, Ардчилсан намын дэд даргаар Р.Амаржаргал, С.Буяндэлгэр, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Ш.Жандос, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ж.Баярмаа, П.Батчимэг, Э.Одбаяр, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Уртнасан, Р.Эрдэнэбүрэн нарыг тус тус томиллоо.  

504 гишүүнтэй ҮБХ-ны Тамгын газрын даргаар С.Батзаяа ажиллах юм. Харин намын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог ҮБХ-ны дараагийн хуралдаан болтол хойшлуулжээ.