Ерөнхий сайд наймдугаар сарын 2-6-нд АНУ-д айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад ирэх наймдугаар сарын 2-6-нд албан ёсны айлчлал хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч К.Харристай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзахаар төлөвлөжээ.

Мөн АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацад зочлох юм байна.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогод чухал байр суурь эзэлдэг АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцох ажээ. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм байна.