Монгол Улсын Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс зохион байгуулсан арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан бол өнөөдөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байна. Тус үзэсгэлэнд нийт 100 орчим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 200 орчим бүтээлийг дэлгэжээ.
Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар ирж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээлтэй танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголбанкны төлбөрийн тэнцэлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экспорт гэх дүн орж иртэл нь дэмжих хэрэгтэй. Эдгээр үнэ цэнтэй бүтээлүүдийг худалдан борлуулах тал дээр төр бодлогоор дэмжин, зохицуулалт хийх ёстой” хэмээн тодотголоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн хувьд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ бол маш чухал салбаруудын нэг. Хамгийн их ажлын байр хадгалж байгаа салбар. Ажлын байр хадгална гэдэг нь ур чадвараа хадгалж байгаа гэсэн үг. 670 мянган ажлын байр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт бий. Нийт хөдөлмөрийн зах зээлийн 70 орчим хувийг энэ салбар дангаараа эзэлдэг. Нийслэл Улаанбаатар хотын зүгээс Засгийн газартайгаа хамтран бодлогоо нэгтгэж, дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг нь хамгаалах ёстой гэсэн байр суурьтай байна. Тус салбарын бүтээгдэхүүнийг эхний ээлжид БНХАУ-ын зах зээл рүү гаргах ёстой. Хоёрдугаарт, бүтээгдэхүүнээ Япон, БНСУ-ын зах зээлд гаргах талаар судлан, ажил хэрэг болгох үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын төлөөллүүдийг авч явна гэж бодож байгаа. Энэ мэтчилэн бодлого гаргаж, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ бусад орны зах зээлд гаргах ажлыг нийслэлийн зүгээс шуурхай зохион байгуулна” хэмээв.
Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогод шингээх, иргэдэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын ойлголтыг нэгтгэх, салбар дундын зохицуулалтыг бий болгох тал дээр түлхүү анхаарч байна. Соёлын өв, нөөцийг судалж буй эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээг соёлын бүтээл үйлдвэрлэгчдийн бүтээл, үйлдвэрлэлтэй хэрхэн нэгтгэх ёстой талаар ч мөн судалж байгаа. Оюун санааны томоохон хүчийг техник технологийн давуу талтай нийлүүлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бүтээн, дэлхийд өрсөлдөх нь бидний хамгийн том зорилго болоод байна” хэмээн ярьж байлаа.
Үзэсгэлэнд оролцогч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид санал, сэтгэгдлээ хуваалцав.
Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч У.Ганцэцэг “Нийт 11 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч дундаас 100 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг сонгон, өнөөдрийн үзэсгэлэнд орох боломжийг нээж өгсөн. Тус 100 аж ахуй нэгжийн нэг болоод өнөөдрийн үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдрийн үзэсгэлэнгээр Нийслэлийн Засаг дарга болон Соёлын яам жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Цаашид ажиллах хүч, ажлын байр, урлан, техник хэрэгсэл гээд бусад тулгамдаж буй асуудлыг бодлого тодорхойлогчид шийдвэрлээсэй” хэмээн саналаа хэлэв.
Налайх дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Б.Бадмаабазар “Манайх 20 гаруй жилийн турш уламжлалт хөгжмийн зэмсэг бүтээж байна. Өнөөдрийн үзэсгэлэнд 4-5 бүтээлтэй ирсэн бөгөөд эхнээсээ үнэлгээ авч эхэллээ. Бидний бүтээлийг мэргэжлийн уран бүтээлч, байгууллагууд сонирхож байгаа нь маш том боломж болж байгаа юм. Бидэнд улсаас тогтоосон үнэлгээ, үнэлэмж гэж байхгүй. Гагцхүү ард түмэн, мэргэжлийн уран бүтээлчдийн үнэлэмжээр үнэлэгддэгээрээ онцлогтой” гэв.
Нийтэлсэн: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс