Н.Баяртсайхан: Цаашид бидэнд 20-30 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц шаардлагатай

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан

Монголын эдийн засгийн чуулган "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" сэдвийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Энэхүү хэлэлцүүлэгт оролцож буй Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан гадаад валютын нөөцийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Монгол Улс жилийн өмнө нэг тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй байсан бол өнөөдөр гурван тэрбум ам.долларт хүрээд байна. Ингэж гурав дахин өсөхөд хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Монголбанк өнгөрсөн онд 20 тонн алт худалдаж авсан нь валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн. Мөн Засгийн газар хоёр ч удаа олон улсын зах зээл дээр бонд гаргаж хугацаа нь тулаад байсан зээлүүдээ төлөх, хугацааг нь сунгах алхам хийсэн нь валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөөллөө. Ер нь ойрын 2-3 жилд Монгол Улсын гадаад валютын нөөцийг 5-7 тэрбум ам.долларт хүргэх зорилттой байгаа. Манай улсын төр, хувийн хэвшлийн нийт гадаад өрийн хэмжээ 26 тэрбум ам.долларт хүрсэн. Үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахад цаашдаа бидэнд 20-30 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц шаардлагатай" гэлээ.