2015-2016 онд нийслэлд 15 мянган ажлын байр бий болгоно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо 2015-2016 онд хамтран ажиллах гурван талт хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурлаа. Хотын хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлж ажиллах, энэ талын хяналтыг сайжруулах чиглэлээр талууд хэрхэн хамтарч ажиллахаа сар орчим хэлэлцсэний эцэст нэгдсэн шийдэлд хүрчээ. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед нэгнээ шүүмжилж суух бус, харин ч илүү үр бүтээлтэй хамтран ажиллаж, нийгмийн түншлэлийг хангахын тулд гурван бүлэг бүхий 20 зорилтот ажил хийхээр төлөвлөсөн гэдгээ Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэв. Тухайлбал, хэлэлцээрийн 1.1-д нийслэлд тогтвортой, бас хүртээмжтэй, байнгын 15 мянган ажлын байр бий болгохын төлөө  үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд гурван тал хамтрах гэнэ.

Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай “Нийслэлийн төсвийн дийлэнхийг ажилтай иргэдийн маань хүн амын орлогын албан татвар бүрдүүлдэг. Тиймээс иргэдээ ажилтай, орлоготой байлгахад, дундаж цалинг нь нэмэгдүүлэхийн тулд нийслэлээс олон чиглэлээр анхаарч ажиллаж байна. Жишээ нь, өнгөрсөн жилээс бид бичил бизнес эрхлэгч иргэдээ дэмжихийн тулд 15 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий томоохон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Өдгөө 100 хороон дээр хадгаламж, зээлийн хоршоо байгуулагдаад байна. Ингэснээр 5000-6000 иргэн бичил бизнесийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, ажилтай, орлоготой болж байгаа юм” гэлээ.