Л.Оюун-Эрдэнэ: Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийг хөгжүүлэхэд зарцуулах бодлого баримтлана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт ХУД, ЧД, СХД-т, өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тэрээр нүхэн гарц, тойрог зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, "Шар хад" дэд төв, орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хэрэгжилт зэрэгтэй танилцав. Дүнжингарав худалдааны төвийн урдуур тавьсан хэвтээ тэнхлэгийн замыг Нарны замтай холбохоор хоёр байршилд нүхэн гарц хийж байна. Харин Жанжин клуб орчим дахь нүхэн гарцыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Үүний зэрэгцээ олон улсын Нарантуул худалдааны төвийн баруун урд талын уулзварт нүхэн гарц хийнэ. Ингэснээр Нарны зам болон Намъянжугийн гудамжны ачаалал 30 орчим хувиар буурна гэж  хотын удирдлагууд танилцуулав.