Япон улсад 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлнэ

Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. 

Японд мягмар гарагийн байдлаар Хагибис хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 73 хүрчээ. Аврагчид сураггүй алга болсон хэдэн арван хүнийг эрэн хайх ажиллагааг явуулсаар байна. Японы засгийн газар байгалийн гамшгийн хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.

Сүүлийн хэдэн арван жилд болоогүй хүчтэй хар салхины улмаас хөрсний гулгалт үүсэж, 100 мянга орчим айл үерт автсан талаар Японы засгийн газрын албаны хүмүүс мэдээлжээ. Одоогоор 12 мужийн 128 мянган айл өрх усгүй болсон байна. Харин гэрэл цахилгаангүй болсон айлын тоо 520 мянгаас 20 мянга болтлоо буурчээ.