Монгол улсын эдийн засгийн өсөлт 7,3 хувьд хүрчээ

Дэлхийн банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газраас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн тоймыг танилцууллаа. Бүс нутагт экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч байгаагаас эдийн засгийн өсөлт буурах хандлагатай байгаа аж.

Монгол Улсын хувьд 2018 онд эдийн засгийн өсөлт 6.8 хувьтай байсан бол энэ оны эхний хагаст 7.3 хувьд хүрчээ. Өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, махны экспорт сайн байгаа зэрэг нь нөлөөлжээ.

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жон Паскалийн хэлснээр ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьтай байх төлөвтэй байна.  Эдийн засгийн энэхүү өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна гэдгийг онцоллоо. 

Засгийн газар 2016 оноос эхлэн өрийн түвшин бууруулах дорвитой ажил хийсний хүчинд өрийн түвшин буурч байгаа гэж үзэж байна. Ядуурлын түвшин 2016 оноос 1.2 нэгжээр л буурсан ч нийт хүн амын 25 хувь нь ядууралд өртөх магадлал өндөр байгааг мөн анхаарууллаа. Төв банк инфляц, үнийн өсөлтийг тогтвортой байлгах, инфляцыг зорилтот түвшинд хадгалахад бодлогоо чиглүүлэх шаардлагатай байгааг тэрээр мөн онцолсон юм.

 Дэлхийн банкны тайланд Монголын эдийн засагт  нөлөөлж болохуйц 4 эрсдэлт зүйлийг доорхи байдлаар нэрлэжээ.  Үүнд:

  1. Улс төрийн тогтворгүй байдал
  2. Хил дээр гарч болзошгүй эрсдлүүд
  3. Банкны салбарын шинэчлэлт хэтэрхий удаашралтай байгаа
  4. Мега төслүүдийн хэрэгжилт хэмээжээ.