182.6 тэрбум төгрөгийн зээлийг гадаад валютаар олгожээ

Банкуудын зээлийн үлдэгдэл наймдугаар сарын байдлаар  өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар өслөө. Тодруулбал,  иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 18.2 хувиар өсөн 9.3 их наяд төгрөгт, хувийн байгууллагынх 10.5 хувиар өсөж,  8.7 их наяд төгрөгт тус тус хүрэв.

Нийт зээлийн үлдэгдлийн 12.8 хувь буюу 2.3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний валютын зээл байна. Иргэдийн зээлийн 1.6 хувь, хувийн байгууллагын зээлийн 24.5 хувь нь гадаад валютаар олгогджээ. Наймдугаар  сард шинээр олгосон зээл өмнөх сараас 80.6 тэрбум төгрөгөөр, эргэн төлөгдсөн зээл 118.4 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Шинээр олгосон зээлийн 9.9 хувь буюу 182.6 тэрбум төгрөгийг гадаад валютаар олгожээ.

Өмнөх сартай харьцуулахад нийт зээлд эзлэх чанаргүй зээл 0.1 нэгж хувиар буурсан бол хугацаа хэтэрсэн зээл 0.6 нэгж хувиар өссөн байна. Чанаргүй зээлийн 82.7 хувийг, хугацаа хэтэрсэн зээлийн 75.9 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлжээ.

Чанаргүй зээлийн үлдэгдэл 1,906.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх сартай харьцуулахад 19.8 тэрбум төгрөгөөр буурчээ. Чанаргүй зээлийн 19.4 хувь нь гадаад валютаар олгогдсон байна.  Чанаргүй зээлийн 22.7 хувийг уул уурхай, 21.3 хувийг боловсруулах, 11.4 хувийг барилга, 8.6 хувийг үл хөдлөх хөрөнгийн салбарын зээл эзэлж байна.