Инфляци өсөхөд махны үнийн өсөлт голлон нөлөөлжээ

Монголбанкнаас өнөөдөр /2019.09.27/ Монгол Улсын 2019 оны III улирлын инфляцийн тайланг танилцууллаа. Улсын хэмжээнд наймдугаар сард инфляци 8.9 хувьтай байсан бол Улаанбаатар хотын хэмжээнд 10.5 хувьтай гарсан байна. Энэ нь Төв банкны төсөөллөөс 0.5 хувиар өндөр гарчээ. Инфляци өсөхөд махны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Өнгөрсөн жилүүдэд 7, 8, 9 сард махны үнэ буурдаг байсан бол энэ жилийн долдугаар сард махны үнэ өсч, өмнөх оны түвшнээс 2000 гаруй төгрөгөөр буюу 34 хувиар өндөр гарчээ.

Мөн наймдугаар сард хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурдаг байсан бол энэ жил эсрэгээрээ шинэ ногооны үнэ нэмэгдсэн. Энэ нь инфляцийн хэлбэлзлийг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Сүүлийн 2-3 сарын дотор инфляцид нөлөөлж буй хүчин зүйлийн нэг нь төрийн зохицуулалттай, бараа бүтээгдэхүүн орж байгаа аж. Үүнд, өнгөрөгч тавдугаар сараас наймдугаар сарын хооронд дулаан, хүйтэн ба халуун ус, цахилгаан, их дээд боловсролын төлбөр нэмэгдсэн учраас инфляци 0.8 хувиар өсгөхөд нөлөөлжээ.

Өөр нэг хүчин зүйл нь дотоодын аялал жуулчлал. Долдугаар сард дотоодын аялал жуулчлал 63 орчим хувиар өсчээ. Ингэснээр инфляци 0.6 нэгж хувиар нэмэгдсэн гэдгийг эдийн засагчид тайлбарлалаа. Эдгээр дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн нь нийт инфляцийн 5.3 хувийг эзэлж байгаа аж. Өнгөрсөн жилийн найм, есдүгээр сард инфляци бага түвшинд байсан бол энэ оны есдүгээр сард инфляци 8.9 хувиас нэг их буухгүй гэсэн төсөөлөлтэй байгаа талаар Мөнгөний бодлогын төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэлж байв.