Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 130.85 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулах хугацааг 2021 он, төслийн эргэн төлөлтийн хуваарийг 2022-2025 он байхаар концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.
Дээрх зам нь улсын болон Сэлэнгэ аймгийн намрын ургац тээвэрлэдэг гол зам бөгөөд хатуу хучилттай болгох талаар аймгийн удирдлага, тариаланчид үе үеийн Засгийн газарт хүсэлт гаргасаар иржээ. Замыг “Монгол ЛЗ зам гүүр” ХХК тавих юм байна.
Сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг цуцлав
Гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг биелүүлээгүй учир “Рич шолден булсс эдукэшн” ХХК-тай байгуулсан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг цуцлахаар болов.
23 бага сургууль, цэцэрлэг барих ёстой байсан тус компани 2018 оны 07 дугаар сарын 08-ны дотор нөхцөлөө бүрэн биелүүлнэ гэж гэрээнд тусгасан байжээ.
Нийгмийн хэрэгцээ, шаардлага, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ бага, хүүхэд багачуудын сурах эрх зөрчигдөх, туслан гүйцэтгэгч 20 гаруй компанийн эрх ашиг хохирох зэргээс сэргийлж Үндэсний хөгжлийн газар гэрээг цуцлалгүй, санхүүжилтээ босгох боломжийг тус компанид олгосоор иржээ
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс