Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
- Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4,5-нд,
- Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,
- Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,
- Төв аймгийнх долдугаар сарын 8-10
- Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10
- Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.
Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Тус хороо 36 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 29 болж байна. Тус хороог Монгол Улсын Шадар сайд даргалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дэд даргаар нь ажиллана.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой.
- -Үндэсний бөхийн салбар хороог Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- -Хурдан морины салбар хороог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга
- -Үндэсний сурын салбар хороог Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд
- -Шагайн харвааны салбар хороог Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- -Урлаг, соёлын арга хэмжээний салбар хороог БСШУС-ын дэд сайд
- -Төрийн ёслол, үйлчилгээний салбар хороог Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
- -Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороог ЗГХМОНХХ-ийн дарга
- -Тохижилт, засвар, үйлчилгээний салбар хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
- -Хэв журмын салбар хороог Цагдаагийн ерөнхий газрын дарга ахалж ажиллана.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан замын цагдаа Д.Ганбатын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ
Албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбатын ар гэрт орон сууц худалдан авахад нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2001 оны тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбат албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт олон удаа хутгалуулан амиа алджээ. Түүний эхнэр С.Уранчимэг өрх толгойлон 18 жилийн турш түрээсийн байранд найман өнчин хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт энэ сарын 7-8-нд ажиллах үеэр орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл өгсөн байна. Тэрбээр энэ хугацаанд бүхий л шатны дарга, удирдлага, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нараас дэмжлэг хүсч хандаж байжээ.
Товч мэдээ
-Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо
-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.