"SpaceX" болон "Tesla" компаниудын гүйцэтгэх захирал Элон Маск аравдугаар сарын 20-нд болсон орлогын тайлангийн хурлын үеэр хоёр компанийг нэгтгэхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ эцсийн шийдвэр хоёр компанийн тусгай хувьцаа эзэмшигчдийн хорооноос хамаарна. Хоёр компанийг нэгтгэх тухай яриа эртнээс л үе үе гардаг байв.
Энэ талаар Элон Маскаас асуухад "Энэ бол миний хувьд мина дүүрэн талбай дээр бүжиглэж байгаа мэт яах аргагүй болгоомжтой хандах ёстой асуулт. Гэхдээ хоёр компанийг нэгтгэх нь олон давуу талтай гэж би бодож байна" гэжээ. Тэрбээр өөрийгөө “ашиг сонирхлын зөрчилтэй тал” гэж тодорхойлоод, хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ түүхээс харвал "Tesla"-ийн хувьцаа эзэмшигчид Маскийн хүсэлтэй ихэвчлэн санал нийлсээр ирсэн байна.
"SpaceX"-ийн долдугаар сард хийсэн асар амжилттай IPO-ийн дараа Элон Маскаас боломжит хэлцлийн талаар асуухад тодорхой байр суурь илэрхийлээгүй. Харин энэ удаад тэр урьд өмнө байгаагүй хүчтэй байр суурь илэрхийлсэн гэж үзэж байна.
"SpaceX"-ийн гуравдугаар улирлын орлогын тайлан Уолл Стритийн хүлээлтээс давсан тухай мэдээлсний дараа компанийн хувьцааны үнэ бараг таван хувиар өсчээ. Харин "Tesla"-ийн хувьцаа нэг хувиас бага зэрэг илүү өссөн байна. "SpaceX" компани хамгийн сүүлийн улиралд 4.4 тэрбум ам.долларын цэвэр ашиг олж, энэ оны эхний хоёр улирал дараалан алдагдалтай ажилласнаа нөхсөн. Хөрөнгийн биржид бүртгэлтэй болсноос хойших хоёр дахь орлогын тайландаа "SpaceX" 14.6 тэрбум ам.долларын орлого олсон гэж мэдээлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 161 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд “Super Intelligence” сегмент болон "Starlink"-ийн өсөлт үүнд голчлон нөлөөлсөн аж.
ЭХ СУРВАЛЖ: CNN

















































