Жүжигчин С.Пүрэвмаа  “Өмсгал” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаа үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэнгээ Монголын Уран зургийн галерейд нээлээ. 

Тэрбээр 30 гаруй жилийн турш үндэсний хувцасны өдөр тутмын загварыг судалж, монголын өв соёлыг орчин үеийн амьдралтай хослуулан бүтээж байна.

Түүний “Өмсгал” үзэсгэлэн монгол хүний хувцаслах соёл, нүүдэлчдийн философийг өдөр тутмын хэрэглээний өнцгөөс харуулж буйгаараа онцлогтой.

“Өмсгал” хэмээх нэр нь Өмс/Гал буюу өмсгөлөөрөө өөрийгөө хамгаалж, амьдралын эрч хүчийг тээх гэсэн утга санааг илэрхийлнэ. Үзэсгэлэнд дээл, монгол цамц, өмд, цүнх, малгай, бүс зэрэг 20 гаруй өмсгөл дэлгэжээ. Эдгээр нь биед эвтэйхэн, хөнгөн, байгалийн гаралтай материалтай, амьтны гаралтай түүхий эдээр бүтээсэн байна.

Тус үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх аж.