Трамп: Венесуэл улс АНУ-д 30-50 сая баррель газрын тос өгнө

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэл улс 30-50 сая баррель газрын тосоо АНУ-д өгнө гэж мэдэгдлээ. Энэ нь ойролцоогоор 2.8 тэрбум ам.долларт хүрнэ. 

Венесуэлийн экспортод тавьсан Вашингтоны хоригийн улмаас агуулахад хадгалагдаж байсан уг газрын тосыг зах зээлийн үнээр худалдах аж. 

Харин орлогыг Венесуэл болон АНУ-ын ард түмэнд ашигтай байдлаар зарцуулахын тулд Трамп өөрөө хяналт тавина гэсэн байна. 

Тэрбээр энэхүү төлөвлөгөөг нэн даруй хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайддаа үүрэг болгожээ.

Трамп мөн АНУ-ын газрын тосны компаниуд Венесуэлийн хуучирсан дэд бүтцийг сэргээн босгох, газрын тосны асар их нөөцийг нь ашиглахад тэрбум тэрбумаар хөрөнгө оруулахад бэлэн гэж мэдэгдсэн. 

Олон улсын хуулийн дагуу бол АНУ Венесуэлийн газрын тосыг эзэмших ямар ч эрхгүй. 

Гэхдээ Венесуэлийн ерөнхийлөгч агсан Уго Чавес энэ салбарыг үндэсний болгох хүрээнд Америкийн компаниудын өмчийг хурааж байсан түүхтэй. 

50 сая баррель гэдэг их тоо юм шиг боловч дэлхийн нийт зах зээлийн хэмжээтэй харьцуулахад харьцангуй бага. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн газрын тосны хэрэглээ өдөрт 100 сая баррелиас давж, АНУ дангаараа гэхэд өдөрт ойролцоогоор 14 сая баррелийг үйлдвэрлэж байна.

Эх сурвалж: Aljazeera