Хятадын Хубей мужийн Ухань хотод "Ковид-19" цар тахлын халдварын тохиолдол дахин илэрсэнтэй холбогдуулан хотын оршин суугчдыг нийтэд нь шинжилгээнд хамруулж дууссан байна. Нийт шинжилгээний сорьцоос дотоодод дамжсан 9 тохиолдол илэрчээ.
Ухань хотын 11 сая гаруй хүнийг өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагаас хойш 3 хоногийн дотор шинжилгээнд хамруулсан байна. Ухань хотын 6-аас доош насны хүүхэд, зуны амралттай холбоотойгоор хотод байгаагүй их сургуулийн оюутнуудаас бусад бүх хүнийг шинжилгээнд хамрууллаа гэж тус хотын засаг захиргаанаас мэдээлжээ.
Нэг жил гаруйн хугацаанд дотоодод дамжсан халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан Уханьд өнгөрсөн 7 хоногийн сүүлээр дотоодод халдварласан 37 тохиолдол, шинж тэмдэггүй халдварын тохиолдол илэрснээс 9 нь шинжилгээний явцад бусад нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал, тусгаарлалтад байсан хүмүүсээс илэрсэн байна. Ухань нь өнгөрсөн оны эхээр цар тахлын эхний давлагааны үед 11 сая оршин суугчаа 19 хоногийн дотор шинжилгээнд хамруулж, коронавирусний эсрэг нийтийг хамарсан шинжилгээ хийсэн дэлхийн анхны том хот болсон юм.
Мөн Жьянсу мужийн Янжоу хотод дөрөв дэх шатны шинжилгээг хийж байна. гурав дахь шатанд 1,5 сая сорьц цуглуулснаас халдварын 13 тохиолдол бүртгэгджээ. Янжоу хотод 72 бүсийг халдвар тархах өндөр болон дунд зэргийн эрсдэлтэй гэж тооцон, оршин суугчдыг нь бүгдийг гэрийн хорионд оруулаад байгаа аж. Мөн тус хот халдварын тархалтыг хумихын тулд галт тэрэгний орох гарах бүх аялалыг түр зогсоосон байна.
Эх сурвалж: Moнголын мэдээ