Сэрэмжлүүлэг: Машинаа хөдөлгөхөөсөө өмнө хүүхэд байгаа эсэхийг шалгаарай

Бага насны хүүхдүүд машины ойролцоо тоглож байгаад машинд дайруулах тохиолдол их гардаг талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаан анхаарууллаа. 

Тэрээр "Бага насны хүүхэд хашаандаа машины доор ороод нуугдаж тоглох тохиолдол ч байдаг. Ухрах үйлдэл хийхэд хойно толинд харагддаггүй учраас хүүхдээ мөргөж байна. Үүнд жолооч нар онцгой анхаарах хэрэгтэй. Жолоочийн хариуцлагатай шууд холбоотой" гэсэн юм.

Ухарч байхдаа хүүхэд дайрсан хэрэг 2020 онд 23, энэ он гарсаар 5 гарчээ. Тиймээс урин дулаан цаг ирсэн энэ үед машинаа хөдөлгөхөөс өмнө эргэн тойронд хүүхэд байгаа эсэхийг сайтар анхаарч байхыг жолооч нарт зөвлөж байна.