БНЭУ-д цар тахлын шинэ давлагаа нүүрлэж байгаатай холбогдуулан дэлхийн 40 гаруй улс тус улсад тусламж үзүүлэх санал тавьжээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр Ази, Европ, Ойрх Дорнод болон бусад тивийн 40 гаруй улс эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх саналаа албан ёсоор илэрхийлсэн байна.
Өчигдөр АНУ-аас Энэтхэгт 100 сая ам.долларын өртөг бүхий эм, эмнэлгийн тусламж хүрчээ. Тухайлбал, хүчилтөрөгчийн цилиндр 1000 ширхэг, N95 загварын амны хаалт 15 сая ширхэг, түргэвчилсэн оношлуур 1 сая ширхэгийг тус тус Энэтхэгт тусламжаар өгч байна.
Мөн Их Британи, ОХУ-аас хүчилтөрөгч баяжуулагч төхөөрөмж болон амьсгалын аппаратыг тусламжийн шугамаар Энэтхэгт нийлүүлжээ. Түүнчлэн Хятадын Засгийн газрын тусламжийн шугамаар хүчилтөрөгч үйлдвэрлэх төхөөрмжийн эхний багц Энэтхэгт хүрсэн байна.
Европын холбооны гишүүн таван улс хүчилтөрөгч, вирусний эсрэг эм бэлдмэлийн тусламж илгээжээ. Тухайлбал, Герман улс 50 сая еврогийн өртөг бүхий эм, амны хаалт зэрэг тусламжийн бүтээгдэхүүн Энэтхэг рүү тээвэрлэхээр бэлтгэж байгааг Эрүүл мэндийн сайд нь мэдэгдсэн байна. Японы Засгийн газар Энэтхэгийн эрүүл мэндийн тогтолцоог дэмжих үүднээс бусад улс орнуудтай хамтран тус улсад яаралтай тусламж илгээхээр төлөвлөж буй юм байна.
Одоогоор Энэтхэг улс хүчилтөрөгч үйлдвэрлэх төхөөрөмж 550 ширхэг, хүчилтөрөгч баяжуулагч төхөөрөмж 4000 ширхэг, бусад эм бэлдмэлийг олон улсаас хүлээж авч байгаа юм байна. Үүний зэрэгцээ Энэтхэгийн Гадаад хэргийн яам вирусний эсрэг "Ремдесивир" эм болон бусад вирусний эсрэг эмийн хомсдол үүсэж байгааг үндэслэн олон улсыг цаашид нэмэлт тусламж үзүүлэхийг уриалжээ.
Энэтхэгт пүрэв гарагт л гэхэд халдварт 370 гаруй мянган шинэ тохиолдол, нас барсан 3600 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ нь тус улсын хувьд цар тахал дэгдсэнээс хойших нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм байна. Нийслэл Шинэ Дели болон бусад хотуудын эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн хомсдол бий болоод байна.
Эх сурвалж: Moнголын мэдээ