ХХААХҮЯ: Орон нутгийн 1500 гаруй тариаланч вакцин хийлгээд байна

Коронавируст халдварын улмаас хаврын тариалалтын бэлтгэл ажилд хүндрэл учирч байгаа ч төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд аливаа бэрхшээл гаргахгүй байх талын зохицуулалтыг шуурхай авч хэрэгжүүлж байна. Тодруулбал, нийслэлээс нэн яаралтай гарах 1000 гаруй тариаланчийг Эрүүл мэндийн яамтай хамтран вакцинжуулалтад хамруулж орон нутаг руу гаргах ажлыг зохион байгууллаа.

Түүнчлэн хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр, шатахуун, сэлбэг хэрэгсэл, бордоо, ургамал хамгааллын бодис худалдан авах, тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг PCR шинжилгээнд хамруулж нийслэл хот, аймаг сумаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулах Улсын онцгой комиссын шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу энэ сарын 5-ны өдрөөс орон нутагт тариаланчдыг нэгдсэн байдлаар вакцинжуулах ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 1500 гаруй тариаланч вакцин хийлгээд байна.

Улсын хэмжээнд нийтдээ 12.8 мянган тариаланч вакцинд хамрагдах шаардлагатай гэсэн судалгааг гаргаж  УОК болон Эрүүл мэндийн яаманд цахимаар хүргүүлэхээр ажиллаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.