Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, цар хүрээ, хүчин чадал нэмэгдэхийн хэрээр уурхайчин хамт олны эгнээ тэлсээр байна. Он гарсаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөр бүл 200 гаруй шинэ гишүүнээр бүл нэмжээ. Шинэ ажилтны өмнө үйлдвэрийн орчин, цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл, арга ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, удирдлага хамт олонтойгоо бүх талаар дасан зохицох шаардлага бий болж, хувь хүнд сэтгэл зүйн болон хувийн онцлог, мэргэжлийн мэдлэг, чадвар, хандлагаа нөхцөл байдалтайгаа нягт уялдуулах амаргүй зорилт тулгардаг. Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинэ ажилтнуудаа үйлдвэрийн газрын нөхцөл, үйл ажиллагаа, соёлд сэтгэл зүйн болоод мэргэжлийн хувьд амжилттай дасан зохицоход туслах зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Тус үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас 2020 онд хүний хөгжлийн цогц 4 хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр” юм. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг танилцуулсан нээлтийн үйл ажиллагаа болж, “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-т хамрагдаж буй 100 ажилтан, үйлдвэрийн газрын удирдлагууд, цех, хэлтсийн дарга нар оролцлоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөдөлмөрийн зах зээл дээрээс авьяас, чадвартай хүмүүсийг сонгон шалгаруулж ажилд авах зарчим баримталдаг. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн нэг ажлын байран дээр өрсөлдсөн хүний дундаж тоо ес байсан бол энэ онд 50 болж өсчээ. 2020 оны эхний найман сард Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон 214 хүний 80 гаруй хувь нь 40 хүртэлх насны залуус байна. Тэдний дунд уул уурхайн томоохон байгууллагад өндөр зэрэглэлийн мэргэжилтэй ажил хийж байсан, Монголын топ аж ахуйн нэгжүүдэд гүйцэтгэх захирал, орон нутгийн салбар хариуцсан захирлын ажил алба хашиж байсан хүмүүс байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийг улам чанаржууллаа. Мөн шинэ ажилчдын дунд спортын 29 мастер, олон улсын хэмжээний мастер, дэлхийн аварга, урлаг соёлын авьяас чадвартай олон хүн байгааг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр онцолсон.