Хонгконгоос 149, Истанбулаас 268 иргэн эх орондоо ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сард 17 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар болсон. Үүний хүрээнд өчигдөр Истанбул болон Хонгконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн юм.

Хонгконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоц өчигдөр орой 23.15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газарджээ. Тус онгоцоор Хонгконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирэв. 

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, эрүүлийн мэндийн шалтгаантай 37, өндөр настан 3, бага насны хүүхэдтэй гэр бүл 26, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд 83 байгаа юм. Харин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.15 цагт Улаанбаатарт газардлаа.  Энэ онгоцоор 268 иргэн эх орондоо ирэв. Түүнчлэн өнөөдөр Франкфурт-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн онгоц ниснэ.