Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Шугамын хөндий” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ачааны автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ. Энэ тухай дуудлага 10.10-ны өдрийн 18:01 цагт тус аймгийн онцгой байдлын албанд иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 40 км зам туулан 19:40 цагт очиход Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс тус аймгийн Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан “Жинчин” ХХК-ийн эзэмшлийн нэг зорчигчтой “Норд бенз” загварын ачааны автомашин, “Потон” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ. Улмаар “Норд бенз” загварын ачааны автомашины жолооч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
















































