Агаараас эрэн хайх, аврах анги байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.

Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно

Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон, дотоод гадаадын жуулчдын аяллын гол урсгалыг татаж буй Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэлээ.

 Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, эрхийн бичиг аваагүй, усны тоолуургүй болон холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт, үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.  

 Агаараас эрэн хайх, аврах анги байгуулна

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах анги, Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв, Хөвсгөл аймгийн Галт суманд Гал унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Эрэн хайх, аврах салбар, Хэнтий аймгийн Баян-Адарга сум, Жаргалтхаан сум, Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Жаргалант сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлгийг тус тус шинээр байгуулахаар боллоо. 

Мөн Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв”-ийг “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги” гэж өөрчлөн, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлж, Увс аймгийн Онцгой байдлын газрын Улаангом сум дахь Эрэн хайх, аврах бүлгийг Эрэн хайх, аврах салбар болгон өргөтгөлөө.

Шинээр байгуулагдах агаараас эрэн хайх, аврах ангийг Чингис хаан олон улсын нисэх буудлыг түшиглэн байгуулах, Хувцас хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төв нь Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн барилга байгууламжийг ашиглах, Гал түймэр унтраах аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлгийн барилгын асуудлыг тухайн аймаг, орон нутгаас төсөвт ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэнэ гэжээ.

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталлаа

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайдад үүрэг болголоо.

Сүүлийн жилүүдэд биеийн тамир, спортоор хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж, тодорхой эрэлт бий болсон бөгөөд 2022 онд биеийн тамир спортоор хичээллэх иргэдийн тоо 200 мянгаар нэмэгдэх тооцоо байна. Өсөн нэмэгдэх эрэлтийг биеийн тамир, спортын салбарын өнөөгийн бүтэц зохион байгуулалт, хүний болон санхүүгийн нөөцөөр хангах боломжгүй тул Засгийн газрын 2011 оны “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг шинэчлэх шаардлагатай болжээ.

Товч мэдээ

·  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хөнгөлөх, усны нөөц ашигласны төлбөр тооцох асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг хөнгөлөх тухай Дорноговь болон Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны тогтоолын дагуу тус тус орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг эдгээр аймгийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа.

·  Аюултай хог хаягдал, лагийн төвлөрсөн байгууламж барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад тулгамдаад байгаа асуудлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Төв аймгийн Сэргэлэн сум болон нийслэлийн Багануур дүүрэг дэх хоёр байршлыг аюултай хог хаягдал, лагийн төвлөрсөн байгууламж барих газарт тавигдах шаардлагыг хангасан боломжит байршил гэж үзэж байгаа ч орон нутгийн удирдлага дэмжихгүй, эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм байна.

·  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·  Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох 1957 оны худалдааны гэрээ”-нд нэмэлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжээд, ноот бичигт гарын үсэг зураг эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтов.

·   Улаанбаатар хотод 2019 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн ЗГХК-ын V, мөн БНСУ-ын Сөүл хотноо 2019 оны зургадугаар сард зохион байгуулагдсан Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IV хуралдааны дүнг сайшааж хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Комиссын дарга нарт даалгалаа.  

·  “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслүүдийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.