Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Гамшгийн статистик мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 15 жилийн өмнө буюу 2005 онд 2722 удаагийн аюулт үзэгдэл, осолд 180 хүн амь насаа алдаж, 5 тэрбум 55 сая төгрөгийн шууд хохирол учирсан бол 2020 онд аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 67.9 хувиар нэмэгдэж 4006, амь насаа алдсан хүний тоо 37.5 хувиар өсөж 248-д хүрчээ. Өнгөрсөн онд тохиолдсон нийт аюулт үзэгдэл, ослын 79.3 хувь буюу 3178 нь гал түймэр, 13.6 хувь буюу 546 нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол, 3.2 хувь буюу 127 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
Манай улсад зонхилон тохиолддог ган, зуд, үер, цасан болон шороон шуурга, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлт, хөрсний гулсалт, аянга цахилгаан зэрэг байгалийн гаралтай аюулт үзэгдлүүд нь Монгол Улсын  газарзүйн байршил, цаг агаарын эрс тэс уур амьсгал зэрэг гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлсээс улбаатай байдаг.
Сүүлийн 2 жил шахам хугацаанд дэлхийн бүх улс үндэстэн, ард түмэн Коронавируст халдвар (Ковид-19) цар тахалтай тасралтгүй тэмцэж байна. Энэхүү халдварт өвчин дэлхий нийтийг өмнө нь нүүр тулж байгаагүй шинэ сорилттой учруулж, нийгэм, эрүүл мэнд, эдийн засгийн хүндхэн хор хохирол амсаад буйг тус зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Мөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, аливаа байгалийн аюулт үзэгдэл, хүний хүчин зүйлээс шалтгаалсан ослоос иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх нь НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг бөгөөд Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажсан төрийн үүргийн нэг мөн.
Иймд аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд хичнээн эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан бэ гэдгээр Үндэсний зөвлөлийн ажлын үзүүлэлт, үр дүн хэмжигдэх болно гэдгийг онцлов.
Мөн Манай улсад тохиолдож буй гамшгийн нэлээд нь байгалийн аюулт үзэгдлийн үр нөлөөнөөс илүүтэйгээр хувь хүний сахилга батгүй, хариуцлагагүй байдал, хууль, дүрэм журмаа биелүүлдэггүй, олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрддөггүйтэй холбоотойг дурдаж байлаа.  
Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж ихээхэн нэмэгдсэн байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 3.5 магнитудаас дээш 240 гаруй удаагийн чичирхийлэлт бүртгэгдээд байна. Тухайлбал, зөвхөн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт 4.6-6.5 магнитудын хүчтэй 8 удаагийн газар хөдлөлт болжээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурлаар,
- 2021 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэх,
-Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өнөөгийн байдал, халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид  авах арга хэмжээ
-Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн гамшгийн эрсдэлийг зам, дэд бүтцийн салбарт бууруулах арга зам
-Гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулахад эрсдэлийн сан бүрдүүлэх нөхцөл, ач холбогдол
-Эрчимжиж буй газар хөдлөлтийн эрсдэл, нөхцөл байдал, цаашид баримтлах чиглэл, арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа.

Гамшгийн үр дагаврыг урт хугацаанд даван туулах, цаашид тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан бэлтгэж, гамшгийн эрсдэлийг бууруулах сангийн эх үүсвэрийг Засгийн газрын тусгай сангийн тухай, Төсвийн тухай хууль тогтоомжуудад тусгаж бүрдүүлэх, гамшгийн эрсдэлийн сангийн хуримтлал бий болгож гамшгийн эрсдэл, болзошгүй хохирлыг даатгалын арга хэрэгслээр бууруулах, гамшгийн даатгалын холбогдох хууль тогтоомжийг боловсруулж батлуулах, энэ чиглэлээр даатгалын бүтээгдэхүүн гаргахад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих,
Коронавирусын халдварын үед шуурхай хариу арга хэмжээ авах салбар дундын харилцан ажиллагаа, чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг хэрэгжүүлж төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны мэргэжилтнийг 2021 оны батлагдсан төсөвт багтаан томилон ажиллуулах,
Халдварт өвчинтэй тэмцэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай тохиолдолд орлуулах эмийн нөөцийг бэлтгэх, эдгээртэй холбоотой үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлын төсвийг нэмэгдүүлж судалгаа ажлыг эрчимжүүлэх,
Хүн төрөлхтөн коронавируст халдвар (КОВИД-19)-тай зэрэгцэн амьдрах амьдралын шинэ хэв маягт шилжих нь дэлхий дахинд тодорхой болсон тул эрүүл мэндийг хамгаалах асуудлыг эрүүл мэндийн салбарын бодлогын түвшинд хэлэлцэх, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, халдварын тандалт хийх нийгмийн эрүүл мэндийн төвийг орон нутагт байгуулах хууль эрх зүй, бодлогын орчныг бүрдүүлэх,
Тохиолдлын удирдлагын тогтолцоог салбар, түвшин бүрт нэвтрүүлж, үйл ажиллагааны стандарт зааврыг боловсруулж, хэрэгжилтийг хангах; гамшгийн үеийн салбар дунд, салбар хоорондын мэдээлэл солилцох нэгдсэн мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, цахимжуулах, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээг үнэлэх хяналт үнэлгээний журам боловсруулах,
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Биобэлдмэлийн үйлдвэрийн ажиллагаанд техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хийж, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг өвөрмөц иммуноглобулинийг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх,
Коронавирусыг богино хугацаанд илрүүлэх, мутацыг оношлох оношлуурын технологийг Монгол Улсад үйлдвэрлэж, хилийн боомтуудад байршуулан хяналтыг хийх. Вакцины хяналтын лабораторийг байгуулах, коронавирусын эсрэг вакциныг уламжлалт технологит суурилан үйлдвэрлэх, шинэ үеийн вакцины технологийг шилжүүлэх ажлыг нэн даруй эхлүүлнэ гэлээ.
Болзошгүй хүчтэй газар хөдлөлт, гал түймрийн эрсдэлийг бууруулах, барилга дэд бүтцийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр,
Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах автомат 5 станц, газар хөдлөлтийг бүртгэх шинэ 5 станц, амжиж анхааруулах системийн станцуудын сэлбэг хэрэгслийг бүрдүүлэх зардлыг 2022 оны улсын төсөвт тусгах, газар хөдлөлтийн чичирхийллийг бүртгэх 10 акселлерометрийн станц, амжиж анхааруулах системийн MGD1 станцыг хэвийн горимд оруулж найдвартай ажиллагааг хангах тоног төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, газар хөдлөлтийн аюулыг иргэдэд шуурхай дамжуулах болон амжиж анхааруулах системийн тогтолцоог бэхжүүлэх,
Газар хөдлөлтийн мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх журмыг эцэслэн боловсруулж батлуулах,
Аймаг, сум, суурин газруудын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлтийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер геологи, гидрогеологи, газар хөдлөлт техникийн судалгааны ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хотуудын ерөнхий төлөвлөлтөд болзошгүй эрсдэлийг тооцож, уялдуулан төлөвлөх,
Улсын хэмжээнд байгаа 2002 оноос өмнөх барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан барилга байгууламжийг буулгах, шинээр барих барилга байгууламжийг хүчитгэх үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэх,
Обьектын гал түймэрт тэсвэртэй барилга байгууламж, стандарт нормыг баримтлах, хот суурин газарт обьектын гал түймрийн үед ашиглагдах усан хангамжийн байршил, нөөцийг нэмэгдүүлэхийг даалгав.

Цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг  бууруулахад зам, дэд бүтцийн бэлэн байдлыг хангах чиглэлээр,
Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж малчдад ган зудын эрсдэлийг шилжүүлэхэд бодитой нөлөөлөх тогтолцоо, хувилбарыг боловсруулж, танилцуулах,
Хөдөө аж ахуйн салбарын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинээр батлагдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, малчид тариаланчдыг ган, зудын аюулаас эрт сэрэмжлүүлэх, нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөөцийг бүрдүүлэх,
Төмөр зам, авто замын дэд бүтцэд хийгдсэн үерийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн авто зам, төмөр замын суурь дэд бүтцэд хийх хүчитгэл, шинэчлэлийн ажлын төлөвлөгөө гаргаж, үе шаттай зохион байгуулах,
Нийслэл болон үерийн эрсдэл өндөр аймгуудад үерт тэсвэртэй барилга байгууламж, авто зам, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, ус зайлуулах далан, суваг, шуудууг шинэчлэх, шинээр байгуулах,
Бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гамшгийн эрсдэлийг тооцож боловсруулах, хотуудын шинэ болон дахин төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, эрсдэлийг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг даалгалаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, инновацын ололтыг нэвтрүүлж, шинжлэх ухаанд суурилсан гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дэргэд “Шинжлэх ухаан технологи, инновацын салбар зөвлөл байгуулж, Гамшиг судлалын хүрээлэнг өргөтгөн үндэсний хүрээлэн болгож, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй гамшиг, нийтийг хамарсан цар тахлын эрсдэлийг бууруулах судалгаа, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны салбаруудыг татан оролцуулах, шаардлагатай нөөцийг хуваарилах, үр дүнг шийдвэр гаргалтад ашиглах,
 
Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт багтсан “Аюулгүй амьдрах ухаан” хичээл, их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтанд “Гамшгаас хамгаалах менежмент” хичээлийн хөтөлбөрийн агуулга, бүтцийг нэмэгдүүлэхийг ажил хариуцсан хүмүүст даалгав.
 
                                                                                                                                                                                                                               Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар