“Монгол Улсын Хүнсний Тогтолцооны Тогтвортой байдал” сэдвээр Төрийн ордонд хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монгол Улсын Хүнсний Тогтолцооны Тогтвортой байдал” сэдвээр Төрийн ордонд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Үндсэн хоёр чиглэлээр хэлэлцүүлэг боллоо. Тухайлбал: “Нэмүү өртгийн сүлжээ ба зах зээл”, “Зах зээлийг тэлэх, шинэ зах зээлийг бий болгох боломж, бололцоо” гэсэн агуулгаар талууд асуудлуудыг хөндөн ярилцлаа.
 
Одоогийн нөхцөлд хүлээгдэж буй гол үр дүн нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийг дэмжихэд шаардлагатай богино, дунд, урт хугацааны бодлогын зөвлөмжүүдийг гаргах нь чухал байгааг оролцогчид хэлж байлаа.
 
Хүнсний тогтолцоо тогтвортой байх нь бүх нийтийг аюулгүй, шим тэжээлтэй, хүнсний бүтээгдэхүүнээр хүртээмжтэй хангахад чухал ач холбогдолтой билээ. “Хүнсний тогтолцоо”-ны тухай ойлголтод хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дахин боловсруулалт, тээвэрлэлт болон хэрэглээний түвшний бүх төрлийн үйл ажиллагаа хамаарна. Хүнсний тогтолцоо эрүүл, аюулгүй байх нь хүн ба хүрээлэн буй орчны эрүүл мэнд, эрүүл аж төрөх соёл болоод эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлдөг.
 
Энэ асуудлын хүрээнд 6 дугаар сарын 22, 24-ны өдрүүдэд Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна. Гол зорилго нь 2030 онд манай улсад хүнсний ямар тогтолцоо шаардлагатай болохыг тодорхойлж, Монгол Улсын хүнсний тогтолцоог тогтвортой байдалд хүргэх арга замыг бий болгоно гэж үзэж байгаа юм байна.
 
Дэлхийн хүнсний тогтолцоог сэргээн сайжруулах асуудал нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилж буй COVID-19-ийн хямралыг даван туулах "Илүү сайныг бүтээцгээе" уриалгад хариулах боломжийг бидэнд олгоно. Монгол Улсын хувьд энэхүү Арван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, хүнсний тогтолцоог өөрчлөх хүрээнд олон талын оролцогчдыг нэгтгэх бүсийн болон үндэсний түвшний хэлэлцүүлэг зохион байгуулах асуудлыг Монгол улсын Ерөнхий сайд дэмжиж байгаа юм.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх, Монгол Улсын хүнсний тогтолцооны яриа хэлэлцээг удирдан зохион байгуулагч Э.Болормаа, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч, Монгол Улсын хүнсний тогтолцооны яриа хэлэлцээг чиглүүлэгч Винод Ахужа, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг, Б.Дөлгөөн нар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.