Бид Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Хүний нөөцийн ахмад ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Тэрбишийн Баасансүрэнтэй уулзаж, Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн ямар бодлого барин ажиллаж байсан талаар ярилцлаа. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн албанд 38 жилийн нөр их хөдөлмөрөө зориулсан юм.
-Та дээд сургуулиа төгсөөд шууд Эрдэнэтийн бүтээн байгуулалтыг зорьсон юм билээ. Эрдэнэтэд анх ирсэн үеэ дурсан ярина уу?
-Би 1978 онд Монгол улсын их сургуулийн Хэл бичгийн факультетын орос хэлний орчуулагчийн ангийг төгссөн. Ингээд Геологи, уул уурхайн яамны томилолт өвөртлөн Эрдэнэт үйлдвэрт ангиасаа арвуулаа ирж байлаа. Долоодугаар сарын гурванд яамны үүднээс Их, дээд сургууль, Техникум, ТМС төгссөн олон залуус сайд дарга нараар үдүүлэн, 10 автобус хөлөглөн Эрдэнэтийн зүг хөдөлж байлаа. Бидний суусан автобус явсаар байгаад үдэш оройхон ирсэн. Гагнуурын очис энд тэндгүй гялалзсан өдөр шиг гэрэлтэй, бүтээн байгуулалт өрнөсөн гайхалтай хотын дүр зураг санаанд үлджээ. Хэдий орой болсон ч биднийг үйлдвэрийн удирдлагууд угтан авч, баяр хүргээд, байранд маань хуваарилан оруулж билээ. Эрдэнэт тэр үед орос маягийн барилга байшинтай, гудамжинд голдуу орос хүмүүс явж харагдсан, яг л Оросын тосгон шиг санагдсан. Биднийг оруулахаар гуравдугаар хорооллын 16, 17-р байрыг бэлдсэн ч сургуулийн ширээнээс дөнгөж гарсан чемоданаас өөр юмгүй оюутнууд бид “нийтийн байранд л оръё” гэсэн. Хэсэг хугацааны дараа гурван найзтайгаа гурвын 16-ийн хоёр өрөө байранд төвхнөж билээ.
-Үйлдвэр ашиглалтад орохоор бэлтгэлээ базааж байсан үе байх. Хаана хуваарилагдаж, юу хийж эхлэв?
-Би найз Л.Урангийн хамт Баяжуулах фабрикт орчуулагч зохион байгуулагчаар томилогдлоо. Биднийг ирэхэд үйлдвэрийн барилга байгууламж баригдчихсан, тоног төхөөрөмжөө суурилуулж байсан. Олон залуус Монгол орны өнцөг булан бүрээс ирчихсэн, ихэнх нь цэвэрлэгээний ажил хийж байлаа. Бид ч цэвэрлэгээний ажил руу ханцуй шамлаад орцгоосон.
-Нарийн мэргэжлийн ажилчдаа голдуу Оросын уул уурхайн томоохон үйлдвэрүүдэд сургасан гэдэг. Хамтарсан үйлдвэр ажиллаж эхлэхэд залуусыг ажлын байранд хэрхэн сургаж дадлагажуулав?
“Эрдэнэт”-ийн их бүтээн байгуулалтад оролцсон барилгачин залуусаас сонгон 1976, 1977 онд Оросын уул уурхайн Алмалык, Гай зэрэг үйлдвэрүүдэд нарийн мэргэжлийн курст сургасан. Мөн үйлдвэрийн дэргэдэх Сургалтын төвийн нэг жилийн курст олон ажилчин бэлтгэсэн байдаг. Үйлдвэрийн эхний он жилүүдэд Монгол ажилчдыг Зөвлөлтийн туршлагатай ажилчдаас суралцуулах асуудлыг онцгойлон авч үзсэн. Зөвлөлтийн мэргэжилтнийг дагалдуулан сургах “Халамжлан хүмүүжүүлэх” хөдөлгөөн өрнүүлж, багш шавийн гэрээ байгуулан ажилладаг байв. Тэд монгол шавь нартаа ажлын арга барил, орос хэл, соёл төдийгүй, тохилог орон сууцанд хэрхэн амьдрах зэрэг ахуйн соёлыг ч түгээж, ахын ёсоор ханддаг байлаа. Тухайн үед манайд Орос улс хамгийн шилдэг боловсон хүчнээ илгээж дээ гэж өөрийн эрхгүй бодогддог. Мөн социалист уралдаан зарлаж, сар бүр дүгнэж, тэргүүний шавь, халамжлан хүмүүжүүлэгч нарыг шалгаруулдаг нь залуу ажилчдыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхэд их түлхэц болж байсан.
-Улс орны өнцөг булан бүрээс ирсэн залуусыг нэгтгэж ажиллахад эхэндээ мэдээж бэрхшээл тулгарсан л байх. Үүнийг хэрхэн давж байв?
-Үйлдвэрийн эхний он жилүүдэд зарим залуус ажил таслах, хэл сураггүй ажлаа орхих зэргээр ажил явуулахад хүндрэл учруулж байв. Бид ажилчдын ар гэрийнхэнтэй байнгын харилцаатай байж, ажлын байраар хяналт шалгалт тогтмол хийж, биечлэн уулзаж идэвх санаачилгатай байх талаар яриа таниулга хийдэг байлаа. Энэ ажил маань нэгэн их зорилгын төлөө зүтгэх чин эрмэлзэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эвсэг хамт олон төлөвшихөд нөлөөлсөн байх гэж боддог.
-Тухайн үед ажилчдын дундаж нас хэд байсан бэ?
1981 онд Баяжуулах үйлдвэрийн Монгол ажилчдын дундаж нас 22,7 байсан. Үнэхээр эрч хүчтэй залуусын ирмүүн их хөдөлмөр өрнөсөн үе байлаа. Оросын мэргэжилтнүүдийн залгамж халааг нэр төртэй авч явж үндэсний шилдэг, чадварлаг боловсон хүчин болж, уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан тэр үеийн залуусаар бахархахгүй байхын аргагүй.
-“Эрдэнэт” үйлдвэр үндэсний боловсон хүчнээ чадавхжуулахад чиглэсэн бодлогыг хэдийнээс эрчимжүүлсэн бэ?
1989 онд Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирлаар Ш.Отгонбилэг томилогдсон. Тэр цагаас үндэсний чадварлаг боловсон хүчин бэлтгэх асуудалд маш их анхаарсан. Тэднийг гадаад, дотоодод бодлогоор сургасан нь өнөө цагийн хүчирхэг боловсон хүчний үндэс суурийг тавьж байжээ. Тэрбээр чадварлаг монгол ажилтнуудаа цех, хэлтэс, хэсгийн дарга, мастераар дэвшүүлэн ажиллуулсан. Мөн ажилчдынхаа нийгэм ахуйд чиглэсэн олон ажил хэрэгжүүлсэн. Тухайлбал дугуйн зам шинээр тавьж байлаа.
-Инженерээр төгссөн залуусын хөдөлмөрийн гарааг ажилчнаар эхлүүлдэг уламжлал манайд тогтсон. Үйлдвэрийн үйл ажиллагаа амжилттай яваа нь үйлдвэрийнхээ онцлог, үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг мэддэг хүмүүс удирддагтай холбоотой байх?
-Тиймээ. Манай үйлдвэр хүний нөөцийн зөв бодлого барьж ирсэн. Залуу инженер үйлдвэрлэлийн бүх шат дамжлагын ажлыг хийж, онолын мэдлэгээ амьдрал дээр батжуулан, туршлагаждаг. Эндээс хүний нөөцийн ажилтнууд хүнээ таньж, боловсруулах, дэвшүүлэх ажлыг оновчтой зохион байгуулж ирсэн. Бэлтгэл боловсон хүчний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, үйлдвэрээс зардал гарган, гадаад, дотоодод сургаж, мэргэжлийг нь дээшлүүлдэг. Удирдах ажилтны нөөц бүрдүүлдэг. Ингэж бэлтгэгдсэн хүмүүсээс өмнөх үед олон удирдлага байсан. Одоо ч, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт гээд нэрлэвэл олон хүн бий.
-Мэргэжилтэй ажилчин бэлтгэх, хос мэргэжил эзэмшүүлэх чиглэлд манай үйлдвэр анхаарлаа хандуулсаар ирсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ том үйлдвэрийн гол хөдөлгөгч хүч нь мэргэжилтэй ажилчид. Тэднийг бэлтгэх, мэргэжлийн зэрэг ахиулах, хос мэргэжил эзэмшүүлэхэд үйлдвэрийн удирдлагаас ихээхэн анхаарсан. Энэ үйлсэд үйлдвэрийн дэргэдэх Сургалтын төв, одоогийнхоор “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль томоохон үүрэг гүйцэтгэсэн. Сургалтын төвд Дарханы Политехникийн сургуулийн салбарыг нээн, оройн ангиар хичээллүүлсэн нь ажилчид үйлдвэрлэлээс хөндийрөлгүй, зардал чирэгдэлгүйгээр мэргэжил боловсролоо ахиулах сайхан боломж болсон. Мөн 1996 оноос тус сургуулийг шаталсан сургалттай Техникийн сургууль, 1998 оноос Технологийн сургууль болгон өргөжүүлсэн. Энэ сургуулийг төгсөж, Баяжуулах үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн инженерүүдээс үйлдвэр, цех, хэлтэс, хэсэг, албадыг толгойлж яваа чадварлаг удирдагч цөөнгүй байгаа.
-Баяжуулах үйлдвэрийн ажилчдын дунд таныг магтах, танаар бахархах хүн олон байдаг юм билээ. 1000 ажилчныг нэгд нэгэнгүй овог нэр, ажил амьдралтай нь мэддэг. Хүний зовлон жаргалыг сэтгэлдээ ойр хүлээн авч тусалдаг. Даргад хэлэх үг, хүсэлтээ Баасансүрэнд л дуулгачихад эвийг нь олоод, бүтээчихдэг юм гэхчлэн таны ажиллаж байсан үеийг гэгээнээр дурсдаг ахмадуудтай цөөнгүй тааралдаж байсан. Ер нь Хүний нөөцийн мэргэжилтэн хүнд ямар чанар байх хэрэгтэй гэж та үздэг вэ?
-Би Баяжуулах үйлдвэрт 21, Хүний нөөцийн хэлтэст тэргүүлэх менежерээр 17 жил ажиллаж, хүний төлөөх гэгээн сайхан үйлсэд нийтдээ 38 жилийн хөдөлмөрөө зориулжээ. Хамт олон маань намайг хүндэлж, дээдэлж явдгийг би сэтгэл зүрхнээсээ мэдэрдэг. Тиймээс тэднийхээ урмын сайхан үгээр өөрийгөө эрчилж хурцалж ажилладаг байлаа. Хүний нөөцийн менежер цехийнхээ ажил мэргэжлийн онцлогийг гаргууд ойлгодог, хүмүүсээ тэдний гэр бүлийг сайн судалж, хүнтэй харилцах арга барилыг их сайтар эзэмшсэн байх хэрэгтэй гэж үздэг. Хүний л амьдрал болохоор янз бүрийн л юм тохионо, тулгарна. Баярласан хөөрсөн, бачимдсан, гомдсон, тусламж эрсэн хүмүүс ч ирнэ. Жаахан дэмнэчихвэл ажил мэргэжил дээрээ өсөж дэвжих нэгэнтэй ч уулзана. Энэ бүхнийг даргадаа өөрт тулгарсан мэт танилцуулж, нааштай шийд авахыг хичээнэ. Хүний нөөцийн ажилтан мэдлэг чадвартай, голч шударга, бусдыг сайн сайхан зүйлд уриалдаг байхаас гадна хүний төлөө чин сэтгэлтэй, тусч, энэрэнгүй байх хэрэгтэй хэмээн боддог доо.