“Дижитал Монгол” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо

Засгийн газраас Монгол улсын 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулж цахим засаглал буюу “Дижитал Монгол” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ, ЗГ-ын гишүүд, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон юм. Тус хэлэлцүүлгийг Эстони Улсын Засгийн газар, Е-Засаглалын академитай хамтран зохион байгуулж буй бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн юм. Тэрбээр Монгол улс дижитал улс болох цаг  болсон гэдгийг онцолсон.

Эстони улс нь европ төдийгүй дэлхийд цахим засаглал, төрийн үйлчилгээг Х-road системээр иргэдэд хүргэдэг үзүүлэлтээрээ тэргүүлдэг юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй харилцаа, холбооны салбарынхан саяхан тус улсад ажиллаж, цахим засаглалын туршлагатай газар дээр нь танилцаад ирсэн юм. Харин энэ удаа тус улсын И-Засаглалын академийн дэд захирал Ханнес Асток тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж, цахим хөгжлийн явцтай танилцаж байна. Энэхүү хэлэлцүүлэгт урилгаар оролцсон бөгөөд ноён Ханнес Асток, “И-Эстони экосистем ба X-road архитектур”, “Бүрэн дижиталчлал хийхэд шаардлагатай бодлого, зохицуулалтын шинэчлэл”, “Зохицуулалт, хамтын ажиллагааны механизм” сэдвээр илтгэл тавьж оролцогчдоор хэлэлцүүлсэн юм.

Эстони улс анх иргэдийнхээ мэдээллийг цаасан архиваас хэрхэн цахим болгосон, мөн төр, хувийн хэвшил, иргэдийн гурвалсан харилцаа нь гэрлэлт батлуулах, гэрлэлт цуцлах, үл хөдлөх хөрөнгө худалдахаас бусад тохиолдолд аль нэг байгууллага, албан тушаалтан дээр очилгүйгээр гэрээсээ, гар утсаараа төрийн бүх үйлчилгээг авдаг болох хүртлээ ямар сорилтуудыг туулсан, иргэдийнхээ датаг хэрхэн бүрдүүлсэн, цахим үнэмлэхийг ямар үе шаттай нэвтрүүлсэн, кибер аюулгүй байдлаа яаж хангаж байгаа зэрэг Эстони, Монголын цахим хөгжлийн өнөөгийн харьцуулалтын хүрээнд оролцогчид ярилцсан юм.

Эстони улс өнөөдрийн байдлаар төрийн 3000 гаруй үйлчилгээг цахимжуулсан бөгөөд улс төрийн сонгуулиа хүртэл цахимаар явуулдаг бөгөөд цахим засаглалын хөгжлөөрөө Герман улсаас гэхэд 15 жилийн өмнө явж байгаа аж. Ер нь иргэндээ өдөр тутамд хэрэгтэй  байгаа автомашин, сургууль, эмнэлэг, орон сууцнаас эхлээд бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, 24 цагийн туршид хаанаас ч үйлчилгээ авч болохуйцаар хөгжүүлжээ. Эстони улс 1,3 сая хүн амтай, газар нутгаараа Сэлэнгэ аймагтай адил бөгөөд  өвөл нь цас их унадаг онцлогтой болохоориргэд нь интернэтийн ачаар гэрээсээ гарахгүйгэр төрийн бүх үйлчилгээг цахимаар авч, аз жаргалын индексээр бусад улс орнуудыг тэргүүлж байна.  Тус улс 1997 онд “Е-Еstonia” хөтөлбөрийг эхлүүлсэн бол 2000 онд татвар-цахим систем, 2001 онд “Нэгдсэн систем”, 2002 онд “Дижитал ID”, 2005 онд Цахим сонгууль, 2008 онд “Цахим-Эрүүл мэнд”, 2014 онд Цахим иргэншил” хөтөлбөрүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Монгол улсад төрийн байгууллагууд болон банк, үүрэн холбооны операторууд зэрэг хувийн хэвшлийнхэн онлайн орчин бүрдүүлж, цахим үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа ч тус тусдаа байгаа нь учир дутагдалтай байна. Тиймээс иргэдийнхээ датаг аль болох нэгтгэх, үзүүлж буй үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлэх шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл монголчууд түүхэндээ олон овог аймгийг нэгтгэж Их Монгол улсыг байгуулж байсан шиг одоо дижитал олон үйлчилгээг нэгтгэх цаг нь болсон гэдгийг ч зарим оролцогчид онцолж байлаа. Эстони улсын Засгийн газрын төлөөлөгчдийн зүгээс Монгол улс цахим засаглалыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, тогтвортой байдал, шилжилтийн менежмент, төсөв, санхүү, улс төрийн хүсэл зориг нэн түрүүнд шаардлагатай хэмээн дүгнэв.   

Ингээд хэлэлцүүлгийн үр дүнд “Дижитал Монгол” хөтөлбөрийг Эстони улсын Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэхийг оролцогчид 100 хувь дэмжсэнээр хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн дэмжиж байгаа тул тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулахаар болсон юм. Мөн “Дижитал Монгол” хөтөлбөрийг аль нэг улс төрийн хүчин, эсвэл Засгийн газрын хийж байгаа ажил биш гэдгийг энэ үеэр үг хэлсэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. Тэрбээр, “2020 оны 01 дүгээр сарын 01 бол Монгол Улсын хувьд дараагийн шинэ 30 жилийн хөгжлийн эхлэл байх болно. Удахгүй 12 дугаар сарын 10 буюу Ардчиллын 30 жилийн ойн өдөр “Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг ажлын хэсгийнхэн Засгийн газарт өргөн барина. “Би”-гээс “Бид” гэдэг үзэл рүү Монгол улс шилжих цаг болсон. Иргэдэд үзүүлдэг 11,250 орчим үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлснээр иргэд цаг, мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээний хүнд суртал, авлига эрс буурна. Энэ хөтөлбөр бол зөвхөн одоогийн Засгийн газрын, эсвэл хэн нэгэн улстөрчөөр овоглох ажил биш. Өмнө нь ч Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын тэргүүлж байсан Засгийн газруудын үед хэрэгжүүлж эхэлсэн олон ажил байгаа. Тийм учраас тэдэнд ч баяр хүргэх ёстой. Төр бол залгамж чанартай байх ёстой учраас энэ удаа Засгийн газар цахим засаглал, X-road системийг нэвтрүүлэх ажлыг Ерөнхийлөгч, УИХ, төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр болж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөг гаргана. Аль нэг улстөрийн хүчин сонгуульд ялснаас үл хамаарч уг хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх тал дээр АН, МАН  улс төрийн бусад намуудтай зөвшилцөх болно” хэмээлээ.