Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол Улсын нэг хүнд 2.8 л спирт, 7.9 л архи, дарс, 26.3 л шар айраг ногдож байгаа аж. Улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх 12263 цэг байгаа нь18-аас дээш насны 1000 хүн тутамд 124 ногдож байна гэсэн үг. Энэ нь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээ зохист түвшингээс хэт давж, үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагавар учруулж байгааг харуулж байна хэмээн УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.
УИХ-аас баталсан, Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Засгийн газар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2017 онд өргөн мэдүүлэхээр заасан. Хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх, ингэхдээ архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нэр төрөл, үйлчлэх цэгийг зохист хэмжээнд хүргэж бууруулах, архины агууламжийн дээд хязгаарыг хуульчлах асуудлыг тусгамаар байгааг М.Энхболд дарга хэлсэн юм.
М.Саран

















































