М.Энхболд Дүнжингарав уралдаантай холбоотойгоор нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна

Засгийн газрын хуралдаанаас албан ёсоор товлогдоогүй байхад энэ сарын 18-ны өдөр "Дүнжингарав" хурдан морины уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. 

Учир нь уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унаж, гурав нь хүнд бэртэл авсан талаар холбогдох төрийн байгууллага мэдээлсэн билээ. Мөн энэхүү уралдаанд Засгийн газрын тогтоол болох 12-оос дээш насны хүүхдийг хурдан морь унуулах зөвлөмжийг баримтлаагүй нь тодорхой болсон.  Тухайлбал бэртсэн хүүхдүүдэд 11 настай хүүхэд байгаа юм. 

Тэгвэл энэхүү уралдааны талаар хэвлэл мэдээллийн бүхий л байгууллага өөрсдийнхөө өнцгөөё нийтлэл бичиж зоихон байгуулагчдыг буруутгаад байгаа билээ.

Энэ талаар  М.Энхболд өөрийн олон нийтийн сүлжээ дэх албан ёсны хаягуудаараа дараах мэдээллийг түгээгээд байна. 

Тэрбээр "Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй. Олон нийтийг бухимдуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна.

Цаашид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуцлага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их Хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно" гэжээ.