УИХ-ын гишүүн Д.Мурат цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхийлөгч хориг тавьсан байгаа. Би хувь хүний хувьд хоригийг дэмжиж байна. Их хурлын гишүүн байна уу, жирийн хүн байна уу хуулийн өмнө тэгш эрхтэй. Удахгүй шалгуулаад буцаж орж ирнэ гэж бодож байгаа. Угаасаа надтай холбогдоод байгаа энэ хэрэг нь зохиомол. Би огт гэмт хэрэг хийгээгүй. Шалгуулахад бэлэн байна. Ерөнхийлөгчийн хоригийг миний хувьд дэмжиж байна' гэсэн тайлбар өгсөн юм.
Харин энэ талаар түүний өмгөөлөгч Л.Батмөнх "Миний хувьд хоёр зүйлд тайлбар хиймээр байна. Гишүүнтэй холбогдох тус хэрэг олон нийтийн сүлжээгээр бичигдээд байгаа шиг бэлгийн дарамт учруулсан асуудал биш. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д заагдсан Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар хэрэг бүртгэл явагдаж, шалгагдаж байгаа.
Хоёрдугаарт, ийм хэрэг практик дээр хэдэн зуун мянгаараа гардаг. Энэ хэрэг аль 2017 онд үүссэн ч шийдэх процесс нь удаашралтай байгааг гайхаж байна. Энэ нь цаанаа улс төрийн зорилго байна уу гэсэн хардлага төрүүлж байгаа. Гэхдээ хуулийн байгууллагынхандаа итгэж байна. Хэргийг хурдан шийдэж өгөх байх хэмээн найдаж байна" гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх УИХ-ын тогтоолын төсөлд хориг тавьсан юм.
Н.Марал

















































