УИХ-ын чуулганаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” хэсгийн “17”-д Мал эмнэлгийн ерөнхий газар байхаар төсөлд тусгасныг “18”-д болгон найруулгын засвар хийж, тогтоолыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн саналыг хэлжээ.
Тогтоолын төслийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр Мал эмнэлгийн ерөнхий газарт Мал эмнэлгийн хүрээлэнг харьяалуулан аж ахуйн ажилд татан оролцуулдаг болгох вий хэмээн болгоомжилж байгаагаа УИХ-ын гишүүн Н.Учрал илэрхийлсэн. Энэ байгууллага эрдэм шинжилгээний байгууллага учир Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяанд байх нь зүйтэй хэмээсэн. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд эрдэм шинжилгээний байгууллага салбарын яамны дэргэд байхаар хуульчилсан хэмээн хариулсан юм.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Н.Марал

















































