АТГ-ын дарга, дэд даргыг иргэдээс санал авч тодруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч хаврын чуулганы нээлтийн үеэр Авлигатай тэмцэх газрын даргыг удахгүй өргөн барина гэж хэлсэн. АТГ-ын дарга, дэд даргын үүрэгт хугацаа дуусгавар болж байгаа. Олон нийтийн дунд АТГ-ын дарга Г.Баасан болно, болохгүй гэх мэдээлэл яваад байгаа. Тиймээс Ерөнхийлөгч албан ёсны цахим хуудсаараа дамжуулан АТГ-ын даргад нэр дэвших хүнийг олон нийтээс  санал авах байдлаар сонгохоор боллоо. Санал асуулга өнөөдрөөс эхэлнэ, долоо хоногийн хугацаатай. Санал асуулга дууссаны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-д өргөн барина” гэлээ.  

Мөн Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д:

“Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг.

Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх хуулийн заалтыг иш татаад “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм. Ингэснээр өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна. АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой” гэж иргэдэд санууллаа.